Монгол залуучууд эх орондоо сайхан амьдрах ёстой.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ: Б.СЭРГЭЛЭНБААТАР

Эрхэм хүндэт Монголын Залуучуудын Холбооны удирдах ажилтнууд, залуучуудын хөгжлийн түүчээ болсон салбар холбоодын төлөөлөгчдөө! Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.Монголын Залуучуудын Холбоо 1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн 10-р хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойболсан тэргүүтэй арав гаруй залуучууд хуран цугларч “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэж нэрлэхээр тогтож тамга тэмдэгээ сийрүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгож байснаас хойш даруй 100 жил өнгөрчээ.Монголын Залуучуудын Холбоо гэх энэ айл залуучуудын бодлого, эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнолын үзэл санааг түүчээлэх ёстой байгууллага маань 100 жилийн ойтой золгож байна. Монголын залуучууд 1921, 1990 оны улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эхнээс нь дэмжиж, үймээн самуун, нийгмийн тогтворгүй байдал үүссэн хүнд үед ухаалаг хүлээцтэй хандаж улс орноо өөрчлөлт, шинэчлэлийн замд хөтлөн шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит үүрэг гүйцэтгэсэн билээ.Энэхүү алдар гавъяа, түүхэн үүргийг гүйцэтгэхэд Монголын мянга мянган залуучуудын оролцоо, идэвхи, зоримог шийдлүүд, үе, үеийн ахмад буурлуудын үнэтэй зөвлөгөө бодит хувь нэмэр оруулсан юм.Өнөөдөр Монгол залуучууд эх орноосоо зугтах ёсгүй ээ. Монголдоо сайхан амьдрах ёстой. Гэтэл өнөөдөр 10 залуу тутмын 1 нь түрээсийн байранд амьдарч, Монголын залуучуудад тоо, тоомшгүй их өрийг төр засаг, үе үеийн засгийн газрууд бий болгож байгаа харамсалтай тоо баримт байна. Монголд өдөрт 10 гэр бүл шүүхээр салж, тэдний 72 хувийг 20-29 насныхан эзэлж, тэр хэрээр залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэхэд хүндрэл учирч, ажилгүйдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна.Улс орнуудын хөгжлийг дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр нь хэмжих бус тухайн улсын иргэд ийн амьдралын чанар, эдэлж буй боломж, тухайн чанартай амьдралд хүрэх эрх чөлөөг нь харгалзан хэмждэгээрээ Хүний Хөгжлийн Индексийн онцлог юм.Хүний хөгжлийн тулгуур асуудал нь чадамжийг хөгжүүлэх буюу боловсрол, боломжийг өргөжүүлэх буюу хөдөлмөр эрхлэлт, залуучуудыг эрх мэдэлжүүлэх буюу улс төрийн оролцоо, хүний аюулгүй байдлыг бэхжүүлэх буюу эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн цогц бодлогыг дэлхий дахин хөгжил хэмээн тодорхойлсон байдаг билээ. Нэгдүгээрт, Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес хийх чиглэлийг Монголын залуучуудын холбоо идэвхи, манлайллаар дэмжиж ажиллана. Монголын Залуучуудын Холбоо гарааны бизнес, старт ап компаниудад бодит дэмжлэг үзүүлэн ажиллана. Монголын Залуучуудын Холбооны байранд гарааны бизнес, инноваци шинэлэг санаагаар хүрээлэгдсэн, залуучуудын ордон байх болно. Монголын залуучуудын холбооны дэргэд гарааны бизнесийг дэмжих, консалтингууд, зөвлөхүүдийн багийг бүрдүүлж, гарааны бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээг нэвтрүүлдэг болно. Хоёрдугаарт, Гэр бүл салалт, гэр бүлийн тухай хуульд хүүхдийн асрамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр лобби бүлэг байгуулж, Гэр бүлийн тухай хуулийг батлуулах ажилд манлайлж оролцоно. Гуравдугаарт, Хувийн тэтгэвэрийн сан, банк санхүүгийн зээлийн хүүг бууруулах чиглэлд Монголын залуучуудын холбоо дуу хоолой болж ажиллана. Өнөөгийн тэтгэвэрийн тогтолцоо нь залуучуудын хөдөлмөрийн үр шимийг өөрсдөө хүртэх боломжийг хязгаарлаж, ирээдүйд тэтгэвэрт гарахад нь нэрийн данс, хуримтлал үүсэх нөхцлийг хязгаарласан, Монголын залуучуудад ээлгүй, тэдний хөдөлмөрийн үр шимийг мөлжсөн тогтолцоо үйлчилж байна. Нийгмийн даатгалын хуримтлалыг улс төрчид, төрийн байгууллагууд хөрөнгө оруулалт босгох, хуримтлалыг өсгөх чиглэлд ажиллах бус нийгмийн даатгалын санхүүжилтээс хувьдаа ашиг хүртдэг байдал газар авчээ. Иймд Нийгмийн даатгал болон хувийн, хамтын тэтгэвэрийн сангуудыг байгуулах замаар залуучуудад ээлтэй нийгмийн халамжийн бодлогыг лоббидож ажиллах болно. Эрхэм журмын нөхдөө! Бид Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн түүхийг шинэ санал, шинэ хандлага, шинэ түүхийн хуудсаар эхлүүлэх цаг иржээ. Иймд бид гадагш нийгэмд чиглэсэн ажлуудаа Эх орондоо сайхан амьдрая уурайтайгаар эхлүүлж байгаа бол дотооддоо 2022 он Монголын Залуучуудын Холбоо Next step хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Монголын Залуучуудын Холбооны сайн засаглалыг хөгжүүлэх, дотоод ардчилал, дүрэм, бодлогын баримт бичгүүдэд сайжруулах замаар нэг хүний удирдлагад хайрцаглагддаг бус ардчилсан зарчмаар өрсөлддөг нээлттэй, сайн засаглалын туршлагуудыг судлах, нэвтрүүлэх замаар дотоод засаглалаа сайжруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Монголын Залуучуудын Холбоо, Монголын залуучууд Бөхийн холбоо шиг, сагсны холбоо шиг хоёр хуваагдаж, хоёрдмол сэтгэлгээгээр явж болохгүй ээ. Бидэнд тийм цаг хугацаа эдийн засгийн энэ хямралын үед байхгүй. Тийм ч учраас Залуучуудын Холбоонд бүхий л нам, бүхий л залуучуудад нээлттэй байх тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Салбар холбоодууд төв Холбооны дансаар дамждаг бус салбарын гэрчилгээтэй, салбарын данстай, санхүүжилтийн ил тод нээлттэй, шилэн бодлоготой тийм л Залуучуудын оролцоо оргилсон байгууллага болгохын төлөө бид дараагийн шатанд гарах шаардлага тулгараад байна. Бид нэгэн чиг сэтгэлэн хөдөлж, эвлэлдэн нэгдэж, асуудлаа дотроо ярьж, шударга бус байдалтай үл эвлэрч цааш алхах цаг үе ирээд байна. Монголын залуучуудын холбоо бол барилга биш итгэл үнэмшил, үзэл бодол, үнэт зүйл билээ. Тиймээс ч үзэл бодол, үнэт зүйлсээ нэгэн зүгт хандуулж, цааш алхах цаг ирлээ. Бид бүгд асуудлаа ярилцдаг, хэлэлцдэг, нэгддэг тийм л залуучуудын хүчийг энэ улс орондоо авчрах цаг үе ирээд байна. Та бүхэндээ унагасан нэр хүндээ хамтдаа босгож, хамтдаа урагш тэмүүлцгээе хэмээн уриалж байна.Та бүхний цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье! Анхаарлаа тавьсан Та бүхэнд баярлалаа.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *