​У.Хүрэлсүх: Худлаа ярихгүй, нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа...


Сангийн яаманд Чингис бондын 500 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон. Тэрээр энэ үеэр цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Чингис бондын төлбөрийг бүрэн барагдуулаад дуусч байгаа зүйл биш. 2012 онд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын төлбөрөөс 500 саяыг нь барагдуулж байна. Тухайн үеийн ханшаар 500 сая ам.доллар нь 2.1 их наяд төгрөгтэй тэнцэж байсан. Гэхдээ бид дахин бонд босгож, хуваарьт төлбөрийг барагдуулж байгаа гэдгийг хэлэх ёстой. 2016 онд УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж, Засгийн газраа байгуулахад Монгол Улс дампуурах уу, эсвэл ОУВС-тай хамтарч ажиллаж дампуурлаас гарах уу гэдэг хоёр зам бидний өмнө байсан. Монгол Улсыг дампууруулж болохгүй гэдгийг бид ойлгож эхэлсэн. Бүх төвшинд энэ асуудлыг ярьсан. Монгол Улс Аргентин, Грек шиг болж болохгүй. Олон жилийн түүхтэй  Монгол Улсыг дампууруулах эрх бидэнд байхгүй. Дампуурлаас зайлсхийж, ОУВС-тай хамтран ажиллаж, хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдсэн нь өнөөдөр зөв байсан гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Улсыг дампууруулахад хүргэсэн нөхдүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас эдийн засаг өсөхгүй байна гэж ярьж байна. Гэтэл тэгж ярьж яваа нөхөд Монголыг өрөнд унагаж, дампуурахад хүргэсэн гэдгийг хариуцлагатай хэлье. Ямар ч тооцоо судалгаагүй их хэмжээний мөнгө босгоод, эргээд хэнд, юунд зарцуулсан нь тодорхой биш байна. Хугацаа тулсан өр төлбөрийг Засгийн газар дахин санхүүжүүлэх замаар шийдэж байна. Нөгөө талд, Хөгжлийн банкнаас зээл авчихаад зээлээ эргэн төлөхгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцно. Ард түмний халааснаас авсан мөнгийг нь эргэн төлүүлэх арга хэмжээг авна. Улсын өмч хөрөнгөөс хулгай хийсэн хүмүүсийг шалгаж, тогтооно. Бүх яамд энэ ажлыг зохион байгуулна.

Цалин татварын асуудлаар

Дараагийн дугаарт татварын асуудлаар тайлбар мэдээлэл хийе. 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар 15, 20, 25 хувиар нэмэгдсэн гэж ярьж байна. Үүнд ард иргэд маань бухимдаж байгаа. Сангийн сайдтай энэ асуудлаар сайтар ярилцаж байна. Сангийн сайд татварын асуудлаар ОУВС-тай ярилцахаар болж байна. Нэгдүгээр сарын 25-нд ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ирэхэд энэ асуудлаар ярилцана. Татварыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлд ямар арга хэмжээ авч болох талаар судална. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд долоон төрлийн татвар нэмсэн зүйл огт байхгүй. 2017 онд УИХ шийдвэр гаргаад 7 төрлийн татварыг нэмсэн. ОУВС-тай цалин, татварын асуудлыг эргэн ярина.

Шатахууны асуудлаар

Нефтийн үнэ өсөх хандлагатай байгаа. Худлаа ярихгүй, өсөх хандлагатай байгаа нь үнэн. Шинэ Засгийн газар аравдугаар сараас хойш нефтийн үнийг тодорхой төвшинд барьсан. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсч байгаа учраас дотоодод шатахууны үнэ өсөх нөхцөл байдал үүссэн. Шатахуун импортлогчид ашиггүй, алдагдалтай ажиллаж байна. Тиймээс Засгийн газраас бүх үнийг хатуу барьж, зах зээлээс гажуудуулах бодлого барихгүй гэдгийг хэлье. Бүх зүйл зах зээлийн зарчмаар явах ёстой. Шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг хэлэх нь зүйтэй.

"Эрдэнэт"-ийн асуудлаар

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр маш чухал шийдвэр гаргасан. "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь улсын мэдэлд авсан. Юм шударга байх ёстой. Засгийн газар 2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолыг хуулийн дагуу бүрэн гүйцэт хангасан. Тиймээс "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийн өмч болсон гэдгийг тэмдэглэж байна.  "Эрдэнэт" үйлдвэр Монголыг олон жил тэжээсэн. Төрд үйлдвэр байна гэдэг нь ард түмний өмч байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 100 хувь төрд авах шийдвэр гаргасан.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2018 01 сар 28

Хөгжлийн банкны хулгайчид хариуцлага тооцно гэвэл ах Баттулгадаа хариуцлага тооцох болж дээ. Чадлаа юу????