Төрийн тэргүүн Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 2018-2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Сэргэлэн сумын сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид таван сурагч шинээр элсэн суралцахаар бүртгүүлснээс өнөөдөр дөрөв нь иржээ. Тус сургууль 1935 онд байгуулагдаж, 1980 онд 320 хүүхдийн хүчин чадал бүхий болж, өргөжин тэлсэн байна. Гэвч, Сэргэлэн сумын сургууль нь Зуун мод сумтай ойр байрладаг учир хамран сургалтын хувь жилээс жилд буурч, энэ сургуульд сурах тойргийн ихэнх хүүхэд аймгийн төвд суралцах болсон байна. Ингээд 2018-2019 оны хичээлийн жилд 14 багш, 13 ажилтан, 67 хүүхэдтэйгээр нээлтээ хийж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Энд цугласан Сэргэлэн сумын нийт иргэд, багш, ажилчид, есдүгээр сарын 1-ний өдөртөө бэлтгэн ирсэн хүүхэд, багачууд та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Энэ өдөр Монголын баярын өдөр юм. Нийт багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баяр хүргэн мэндчилж байна.

Бид энэ удаад зориудаар Улаанбаатар хоттой хамгийн ойр оршдог сумдын нэг Төв аймгийн Сэргэлэн сумын сургуулийн хамт олон та бүхэн дээр ирж, хичээлийн шинэ жилийн баярыг тань хуваалцаж байна. Дараа, дараагийн есдүгээр сарын 1-ний өдрүүдэд алслагдсан сумын сургууль, алслагдаж байгаа, эзэнгүй болж байгаа сумдын сургууль дээр очих болно” гээд  хүүхэд багачууд, багш нарт сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэргэлэн сумын дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын М.Хонгорзул багштай бага ангийн эхний цагийн хичээлд сууж, сонирхлоо.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.