МОНГОЛ ЦУСАА АРИУН БАЙЛГАХ ҮҮРГЭЭ ЯАГААД УХАМСАРЛАХГҮЙ БАЙНА ВЭ

Тэмдэглэл Admin Галаа 2018 02 сар 10 1203

Ардчилал бидэнд сайн, муу олон зүйлийг авч ирсэн. Нэг талаас үгээ чөлөөтэй хэлэх, хүссэнээрээ сурч боловсорч, хийхийг хүссэнээ хийж болох нээлттэй нийгэмд бид амьдарч байгаа нь авууштай. Нөгөө талаасаа нээлттэй байхын хэрээр нийгмийн сөрөг асуудлууд ч газар аван тэлж байна. Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгаад анхнаасаа зөв бодлого баримталж чадаагүй төр засаг буруутай, нөгөө талаас хүний үнэт чанараа алдсан хүмүүжил дорой нийгмийн хэсэг бүлэг хүмүүс буруутай.

Ардчилсан нийгэмд шилжснээс хойш олны өмнө гарч ирсэн нэг асуудал бол биеэ үнэлэлт. Жилээс жил ирэх тусам биеэ үнэлэх охидын тоо нэмэгдэж, нас нь залуужиж байгаа нь харамсалтай. Хууль цагдаагийхан эргүүл хийж тэдгээр хүмүүст арга хэмжээ авдаг ч биеэ үнэлэгчдийн арга болон бусдын биеийг үнэлүүлэгчдийн арга улам нарийсаж байна. Хэдэн жилийн өмнө цахим сүлжээг хүмүүс төдийлөн идэвхтэй ашигладаггүй байхад шөнө орой гадаа зогсож, ирсэн эрэгтэй болгонтой янагийн харц шидэлдцэн буудалд биеэ бузарлах эмэгтэйчүүд олноороо байсан. Одоо бол тэдгээр хүмүүс тэгэж гадаа зогсож хүн хүлээхээс гадна цахим орчинд өөрсдийгөө борлуулдаг болсон. Зарим нь массаж хийх нэртэй далд биеэ үнэлэлтйг гаргаж ирсэн.

Их хотод сурах нэрийдлээр ирээд их сургуулиа орхиж “шөнийн эрвээхэй”-н амьдралд орсон охид ярихдаа: “Сургуулиа 1,2 дугаар курсээс орхисон. Эцэг эх маань мэдээгүй. Нэг удаа бэлгийн харьцаанд ороход 40-60 мянган төгрөг болдог. Бидэнд ийм саналыг нэг таньдаг эгч маань тавьсан. Байрны төлбөр, хоол, эмэгтэй хүний будаг шунхаас эхлээд мөнгө хэрэгтэй болсон учраас энэ замыг сонгосон” гэх.

Хэтэрхий амар хялбар амьдралыг сонгож “дэнгийн эрвээхэй” болсон эдгээр охидын цаана өнөөх л бэлгийн замын өвчин, ДОХ, гэр бүл салалт, гэмт хэргийн золиос, хүний наймаа өрнөж байна.

Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийг буруутгахаас гадна биеэ үнэлэгчтэй нэг шөнийн зугаа хөөх эрчүүдийг ч чимээгүй өнгөрөөж болохгүй. Биеэ үнэлэгчтэй хоноглох эрчүүдийн 80 хувь нь гэр бүлтэй эрчүүд байдаг гэсэн судалгаа бий. Араар тавилтын үр дүнд гэр бүл салалт, хүүхэд өнчрөлт, бэлгийн замын халдварт өвчний замбараагүй тархалт гээд олон асуудал хөндөгдөнө. Яаж ч бодсон эрэлт байгаа учраас л нийлүүлэлт байгаа нь ойлгомжтой.

Сүүлийн таван жилийн байдлаар бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдсэн. Улсын хэмжээнд  нийт халдварт өвчний 50 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа. Голдуу 16-45 насны хүмүүс буюу бэлгийн идэвхтэй амьдралтай иргэдийн дунд тархалт өндөр байдаг. Үүнээс гадна одоо эхийнхээ хэвлийгээс дөнгөж мэндэлж байгаа нярай хүүхдүүд тэмбүүгийн халдвартай төрж байна. Яагаад жирэмсэн эхчүүд тэмбүүгийн халдвартай байгааг надаар хэлүүлэлтгүй та гадарлаж байгаа биз ээ. Нийгэмд ноцтой аюул учруулаад байгаа энэ завхайрлыг яах ёстой вэ?

Яг энэ сэдвийн хүрээнд та бүхэнд нэгэн эмэгтэйн ярилцлагыг хүргэе. /Эх сурвалжаа хамгаалах үүднээс нэрийг нууцалсан болно./

- Таныг хэн гэдэг вэ?

- Намайг У гэдэг. 

-Та хэдэн настай вэ? Нууц биш бол хэлээч.  Гадаа хүйтэн байхад та шилэн тирко, богинохон банзалтай байх юм. Эрүүл мэндэд чинь маш муу шүү дээ.

-Нуугаад байх юу байхав дээ. Эгч нь 32-той. Даарахаа сүүлдээ больчихдог юмаа. Эрүүл мэндэд муу нь ч муу л даа. Ер нь миний хийж байгаа бүхэн л эрүүл мэндэд муу. Тэгээд одоо яахав дээ, ингэж хувцаслахгүй бол эвгүй байдаг юм. Эхэндээ ч даардаг л байлаа. Одоо бол тоохоо больчихож.

- Та яагаад энд ингээд зөрсөн эр хүн бүрийн хараанд өртөх гэж хичээж наашаа гэснийг нь дагахад бэлэн зогсож байгаа юм бэ? Танд өөр сонголт байгаагүй гэж үү? Яагаад ийм зам руу орчихов?

-Тэгэж ч асуух болов уу гэж бодоод юу гэж хариулахаа мэдэхгүй яах вэ гэж бодож л суулаа. Ямар янхан,биеэ үнэлэгч хийдэг гэлтэй нь биш дээ. /санаа алдав/ Яагаад зогсож байгаа нь энгийн ш дээ. Мөнгө олох гэж л тэр. Надад сонголт байсаан байсан. Хүн бүрт л сонголт байдаг гэдэг байх аа. Энэ зам руу яагаад орсноо би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Юу ч хэлэхэв дээ. Ямар нээх сайхан замаар яваад байгаа биш. Надад хэлэх үг алга даа.

-Амьдралын замаа буруу сонгоод та хэр удаж байна?

- 9,10 жил болж байна даа. 

-22,23-хан настай залуухан эмэгтэй яаж яваад буруу зам руу хазайчихваа ?

-Би их урт үстэй сайхан охин байсан. Унаган хотынх биш л дээ. Багшийн их сургуульд багш болно гээд анх хотод орж ирж байсан юм. Эхэндээ ч юугаа ч мэдэхгүй охин хичээлээ хийгээд л их даруухан байсан. Сүүлдээ тэгээд наргиж цэнгэж, бусадтай адилхан хэрэглэж нөгөө хотын охин гээч нь болохыг хүсэх болсон. Тэр хүслээс л бүх юм эхэлсэн юм даа, одоо бодоход. Тэгээд л аав, ээжийнхээ өгсөн сургуулийн төлбөр гэх мэт хамаагүй үрж болохгүй мөнгийг дураараа үрчихдэг байсан. Тэрнээс болоод сургуулиа төгсөж чадалгүй хаяад, сүүлдээ мөнгөгүй, юу ч байхгүй мөнгө олох хэрэгтэй болоод анх биеэ үнэлсэн. Сургууль ч байхгүй, юу ч байхгүй замаа алдсан даа. Сургуулиа хаяж ийм зам руу орсондоо би их харамсдаг. Буцаад сургуульдаа орж төгсөх боломж уг нь байсан даанч би гэж ухаангүй хүн тэгэж чадаагүй. Уг нь дотроо за ганц удаа тэгээд л ахиад ийм муухай юм хийхгүй гэж бодож байсан. Тэгээд л сүүлдээ мөнгө хэрэг болох болгонд давтаж явсаар одоо ийм л байдалтай байна даа.

-Шунал гээч зүйл их аймшигтай шүү. Та тэр үедээ найз залуутай байсан уу? Одоо байдаг уу?

-Тэр үедээ бол байсаан.Тэгээд сүүлд намайг тийм зүйл хийж явааг мэдээд бид 2 салсан. Уг нь би түүндээ их хайртай байсан. Одоо ч юу байхав дээ. Хэн ийм эхнэртэй байхыг хүсэхэхэв дээ.

-Та тэгээд яагаад больж болоогүй юм бэ? Хайртай хүнийхээ төлөө больж болоогүй гэж үү дээ?

-Эгч нь одоо ч харамсдаг. Болих минь яав даа гэж. Хэрвээ тийм зам руу ороогүй бол би өдийд түүнтэйгээ суучихсан үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байх байсан даа гэж байнга бодож харамсдаг. Ёстой л нөгөө хожуу харамсал гээч нь л энэ байх даа. Одоо харамсаад ч яах билээ.

-Та өдөрт хэдэн төгрөг олдог вэ? Ер нь та өөр ажил хийж үзсэн үү?

-Үзсээн. Хэцүү юм байналээ. Цалин нь ч бага. Өдөрт багадаа 100,000-200,000-ыг олдог. Ихдээ тэгээд л 200,000-аас дээш. Өөр ажил хийгээд ингэж олохгүй ш дээ.

- Энэ мөнгө л таныг энэ замаас чинь гаргахгүй хүлээд байдаг бололтой. Та хүүхэдтэй юу?

-Одоо бол надад мөнгө л хэрэгтэй шүү дээ. Хүүхэд байхгүй ээ. Би 5 удаа абортонд орсон. Сүүлд эмч одоо намайг хүүхэд олохгүй гэсэн.

-5 удаа та хүүхдээ авахууллаа гэж үү? Нэгийг нь ч болтугай төрүүлж болоогүй гэж үү? 

-Хэн янхан ээжтэй байхыг хүсэх юм бэ? Би төрөх хүүхдээсээ ичсэн. Тэгээд л тэр. Эцэггүй дээр нь ээж нь янхан. Хүмүүс миний хүүхдийг гадуурхана ш дээ. Тэгэж хүүхдээ зовоосноос мөрөөрөө ганцаараа энэ муухай амьдралаа дуусгасан нь дээр.

-Та хэтэрхий амиа боджээ. Миний бодлоор та хэрвээ тэр 5 хүүхдээс нэгийг нь ч болов төрүүлсэн бол тэр хүүхэд өдийд ээжтэйдээ баярлаад гүйж байх байсан даа. Та баян тэнэг хүн үү? ядуу ухаантай хүн үү? Өөрийгөө тодорхойлж хэлвэл.

-Аль нь ч биш. Би ядуу тэнэг хүн. Үр хүүхэд, гэр бүл юу юучгүй би ядуу хүн. Биеэ үнэлж мөнгө олоод миний баяжсан хаана байгаа юм. Ер нь хэнд ч тийм түүх байхгүй. Ядуу дээр нь тэнэг. Эмэгтэй хүн гэж өөрийгөө нэрлэхээс ч надад ичмээр санагддаг. Над шиг нүгэлтэй бузар хүн тамд л очих байхдаа. Тэгэж бодохоор үхэхээсээ ч айдаг.

- Шунал таныг аз жаргал руу биш айдас руу л хөтөлсөн байна. Та харин өөрийгөө ирээдүйд хаашаа хөтлөөд байна вэ? Та одоо ирээдүйгээ ер нь арай өөрөөр буюу гэгээлгээр төсөөлдөг үү?

-Би өөрийгөө харанхуй руу л хөтөлж яваа байх даа. Угаасаа ийм хүн ямар сайн руу тэмүүлэх биш. Гэгээлгээр бодноо бодно. Энэ замаас гараад сайхан зөв амьдрахыг хүснэ. Гэхдээ мэргэжилгүй хүн өөр юу хийж, яаж амьдрах юм бэ? Энэ зам руу орж байхад надад сонголтууд байсан. Одоо бол байхгүй ээ.

-Яагаад байхгүй гэж? Та өөрийн амьдралаа одоо ч өөрчилж чадна. Оролдоод үзэж яагаад болохгүй гэж?

-Хэлэхэд амархан л байгаа байх. Оролдож үзээгүй биш үзсээн. Одоо бол оролдоод үзэх гэхээсээ илүү оролдоод үзэх хүсэл зориг алга. Ингэж хэлж урмыг чинь хугалсанд уучлаарай. Гэхдээ үнэн ийм л байна.

-Би ч юу гэхэв дээ, таны л шийдвэр. Би таныг янхан, биеэ үнэлэгч гэж нэрлэмээргүй байна. Тэгэж муугаар бодмооргүй байна. Та бол эмэгтэй хүн. Харагдах байдлаасаа ч сайхан хүүхэн юм. Дотроо ч бас харамсаж харуусаж яваа сайн хүн байна. Алдаагаа ухамсарлаж шаналж явдгийг чинь би хүндэлж байна. Би таниас нэг юм асууя. Та түрүүн өөрийгөө эмэгтэй хүн гэхээсээ ч ичдэг гэсэн. Тэгвэл эмэгтэй хүн ямар байх ёстой юм бол?

-Баярлалаа. Ямар сайхан үгс вэ? /уйлж суусан/. Над шиг л байж болохгүй. Биеэ ариун байлгаж хайртай хүндээ л зориулах хэрэгтэй. Эмэгтэй хүн ер нь их эдийн шуналтай байдаг. Тэрийгээ дарах хэрэгтэй. Бусдаас гоё ганган байлаа гээд юу ч хожихгүй. Гол нь ухаантай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн биеэ л гаргуунд нь гаргаж бузартуулж болохгүй…

-Одоо үед олон охидууд буруу замыг сонгох болсон харагддаг. Биеэ ил тод үнэлэхгүй юмаа гэхэд өөр байдлаар бараг л янхан болоод байгаа. Олон залуустай нэр холбогдож, унтаж хэвтэнэ, шоудана, архи ууж тамхи татаж, абортонд ороод л. Тэд бол буруу замаасаа гарч сонголт хийхэд оройтоогүй байгаа. Та тэр охидуудад болон өөр бусад охидуудад хандаж юу гэж хэлэх вэ?

-Над шиг л битгий алдаа хийгээрэй. Оройтоогүй байгаа дээрээ буруу замаасаа гарах хэрэгтэй. Залуу нас богинохон. Бүүр дэндүү богинохон шүү. Дараа гэхгүй яг одооноос шууд буруу зүйлээс өөрийгөө яаж ийж байгаад татах хэрэгтэй. Олон хүний өврийг дулаацуулсан эмэгтэй нэг хүний өвөрт удаан тогтдоггүй юм. Ариун байхад л эмэгтэй хүний мөн чанар байдаг юм. Өөрийгөө бодоод, ирээдүйд төрөх хүүхдээ бодоод зөв замаар алхах хэрэгтэй. Хэн ч муухай, олонд муу нэртэй эхнэртэй, ээжтэй байхыг хүсэхгүй ш дээ. Тийм болохоор хүүхдийнхээ бахархал нь болохын төлөө буруу зам руу л орж болохгүй шүү. Орчихсон алдаж яваа охидуудад та нарт сонголт байгаа, та нар ирээдүйгээ гэрэлтүүлж чадна гэж хэлье. Зөв замаар яваа охидуудад хэлэхэд үнэхээр бахархаж байна. Битгий буруу зүйл рүү хазайгаарай. Ер нь замаа алдсан, алдаагүй гэлтгүй та нар эмэгтэй хүн шүү. Өөрсдөөрөө бахархаж яваарай. Над шиг л битгий хожим харамсах юм хийгээрэй.

-Баярлалаа. Надаас жийрхэлгүй нээлттэй ярилцсанд тань маш их баярлалаа.

-Үгүй дээ. Чамд баярлалаа.

Харанхуй шөнө гэрэлд шаван эргэлдэх дэнгийн эрвээхэй ч юм шиг, хэн намайг авах бол гэж хүлээх лангуун дээрх хямдхан бараа ч юм шиг. Хэнд ч алуулж, хүчирхийлүүлж болох ямар ч байдлаар үхэж мэдэх аймшигтай амьдрал. Нийгэм нийтээрээ хүлээн зөвшөөрсөн энэ завхайрлыг зогсоохгүй бол ирээдүйн үр хүүхдүүд минь эрүүл нийгэмд өсөх боломжгүй болж байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.