ЦАГААН САРЫГ УГТСАН ЦАГААН ИДЭЭНИЙ БИЗНЕС


Монголчуудын дэлхий дэлгэрэх сар буюу хаврын тэргүүн сарыг “Цагаан сар” хэмээн орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тэр ч утгаараа эд зүйлс, идээ будаа, хоол хүнсний зүйлийг хамгийн өргөнөөр, их хэмжээгээр хэрэглэдэг. Сар шинийн баяр дөхөөд ирэх үед ууц, өвчүү, мах, гурил, цагаан идээ гэх зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадчихдаг” гэж хэлж болно. Хаа сайгүй л үзэсгэлэн хуралдаанууд зохион байгуулагдаж, хамгийн хямдаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байна гэдэг ч эрэлттэй үед харин ч хамгийн өндөр үнээр зарж суудаг гэдгийг хүн бүхэн шахам мэдэж байгаа болов уу. Ялангуяа аймаг орон нутгийн гэх тодотголтой цагаан идээ бол энгийн мань мэтэд арай л чанга байдаг шүү. Бодит жишээг уншигч та бүхэндээ хүргэх үүднээс бид Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэнг очиж сонирхсон юм. Тусгаар тогтнолын талбайд дэлгэгдсэн тус үзэсгэлэн  гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ. Үзэсгэлэнг сонирхон ирсэн худалдан авагчид энэ жилийн цагаан идээний үнэ өмнөх жилтэй харьцуулахад учиргүй их биш ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэдгийг ярьж байлаа. Уг нь бол Архангай аймаг Монголын хамгийн олон малтай аймаг. Түүнээс гадна цагаан идээ боловсруулах хэмжээгээрээ лав сүүлийн арав гаруй жил улсдаа тэргүүлсээр ирсэн. Гэтэл чухам яагаад үнэ нь тийм өндөр байдаг юм бол. Шулуухан хэлэхэд ган, зуд болсон хэцүүхэн цаг үед Улаанбаатарын хэд нь эрвийх дэрвийхээрээ хамаг байдгаа хамж шавхаад л малчдадаа өгч тусалдаг. Гэтэл тэд яагаад бидэнд тусалсан сэтгэлийн хариу гэж бодоод хямдхан өгчхөж болдоггүй юм бол доо.

Монгол улс 2017 онд 66,2 гаруй сая толгой мал тоолуулсан. Гэтэл манай улс ердөө гуравхан сая гаруй хүн амтай. Нийслэлд гуравны нэг нь буюу сая хүрэхтэй үгүйтэй л хүн амьдарч байгаа.

Харин харамсалтай нь ийм баян мал аж ахуйн орон атлаа мах цагаан идээний үнэ нь тийм үнэтэй байна гэхээр арай л шударга бус санагдах. Түүнээс гадна мах, цагаан идээний чанар дээр бас л дуугүй өнгөрч болмооргүй. Малын өвчин гараад удаагүй газраас мах худалдаанд оруулах, гарал үүсэл нь тодорхойгүй махыг хуурамчаар гарал үүслийн бичиг гаргуулаад зарж байх жишээтэй. Цагаан идээ ч мөн адил, ааруул л гэхэд ааруул биш гурилдсан, сүү гэхэд сүү биш ус хольсон цагаан идээг борлуулдаг нь нууц биш. Ард түмэн түүнийг нь мэдсээр байж өөхлүүлээд л худалдаж аваад байдаг. Үгүй ээ, ялангуяа наадам цагаан сар гэх мэтийн үндэсний томоохон баяраар авахгүй гээд ч яах билээ дээ. Юутай ч энэ асуудал дээр төр засаг анхаарлаа хандуулж ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь болсон болов уу....

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.