Монгол Улс ходоод, улаан хоолойн хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна


Хорт хавдраар өвдсөн хүн гэж бараг арав орчим жилд нэг сонсогддог байсан цаг саяхан. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголчууд энэ аюулт өвчнөөр нэлээдгүй өвдөх болж, өвчилсөн хүмүүсээс ч цөөнгүй нь хорвоог орхих болжээ. Энэ оны судалгаагаар Монгол Улсын хүн ам ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт Азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувь байна.

Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их, өвчлөгсдийн 60 хувь нь оношлогдсоноос хойших нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдсөн нь шинээр оношлогдсон бол 4004 нас баралт бүртгэгджээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. 

Нэн тэргүүнд хүн амын дундах  хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100 мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд  11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм. 

Сүүлийн 10 жилд амбулаториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор саяхан “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн сайд нарт  үүрэг болгоод буй. 

Хүмүүс бид ч энэ аймшигт өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчлөл үүсгэдэг хорт зүйлүүдийг хэрэглэхгүй байх, урьдчилан сэргийлэх шинжилгээнүүдэд байнга хамрагдаж байх шаардлагатай юм. 

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.