Р.Цэдэндамба: Налайх дүүргийн багш нарын 40 хувь нь манай сургуулийг төгсөгч...


Аж үйлдвэрийн ууган хот Налайх дүүрэгт 80 жилийн тэртээ үрсийн дуу хадааж нэгэн сургууль үүд хаалгаа нээж байсан нь эдүгээгийн “Голомт” цогцолбор юм. Өөрийнхөө эгнээнээс гурван ч сургуулийг өлгийдөн гаргасан энэхүү цогцолбор сургуулийн хамт олон 80 жилийн ойн баяраа өнөөдөр тэмдэглэж байна. Ийнхүү түүхийн хуудсаа эргэн нэг сөхөж, үе үеийн төгсөгчдөө нэгэн дор хуран цуглуулж буй тус сургуулийн захирал Р.Цэдэндамбаатай уулзаж, баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

  • Юуны түрүүнд 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сургуулийнхаа түүхэн замналыг товчхон яривал...

За баярлалаа. Манай сургууль 1938 онд байгуулагдсан Налайх дүүргийн ууган сургууль л даа. Улмаар 1949 онд долоон жилийн сургууль болж, 1955 онд арван жилийн есдүгээр сургууль гэж нэрлэгдэх болсон. Арван жилийн нэгдүгээр сургууль болсноор уурхайчдын хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүргийг сайн биелүүлсэн учраас Алтан гадас одонгоор шагнуулсан байдаг. Түүнчлэн 1992 онд арван жилийн 99-р сургууль гэж нэрлэгдэж болж, удалгүй 1998 онд Монгол улсын хэмжээнд сургуулиудыг цогцолбор хэв шинжээр ажиллуулахад 99,100,101 дүгээр арван жилийн сургуулиудыг нэгтгэж, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор гэдэг сургуулийг байгуулсан түүхтэй. Энэ сургуулийн анхны захирлаар нь миний бие 1998 онд томилогдож ажиллаж байлаа. Сүүлд 2016 онд дүүргийн ИТХ-ын шийдвэрээр сумоч Кёкүтэнхо Н.Цэвэгнямын нэрэмжит “Голомт” цогцолбор гэж нэрлэх болсон. Ийм л түүхтэй сургууль даа. Өнөөдөр бид 2018-2019 оны хичээлийн жилд 80 дахь жилтэйгээ учран золгож, хичээлийн бага, дунд, ахлах гэсэн гурван байртай, биеийн тамирын спорт заал нь тусдаа үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 67 бүлэгт 2553 хүүхэд суралцаж буй.

  • Наян жилийн түүхэнд мэдээж танай сургуулийг олон мянган хүүхэд төгсөж гарсан байх. Сургуулийнхаа бахархал болсон төгсөгчдөөс нэрлэвэл...

Тэгэлгүй яах вэ. Төгсөгчдийн маань тоо хэдийнээ хорин мянга хүрсэн. Маш олон мундаг хүмүүс манай сургуулийг төгссөн байдаг. Бид төгсөгчдөөрөө үргэлж бахархдаг. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай, Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Гавьяат багш Ш.Долгор, Сугар, Бор, Нямсүрэн, жүжигчин Г.Цээханд, улсын гарьд П.Сүхбат, жүжигчин Б.Туяа, сумоч Н.Цэвэгням, Төрийн шагналт Сайхансүрэн, А.Очир хүү нарын олон шавь нар бахархалтайгаар салбар бүрт манлайлж явна. Бас Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуай энэ сургуульд сурч байсан удаатай. Мөн түүний гэргий нь ч манай сургуульд сурч байсан гэдэг.

  • Сургуулийнхаа 80 жилийн ойг угтаад хийгдсэн томоохон ажлуудаасаа дурдвал...

Манай сургуулийн түүхэнд сайн туршлага, нэгэн үлгэр дуурайлал бий. Тэр нь юу вэ гэвэл төгсөгчид маань арван жилийн дараа тус сургууль дээрээ ирж тайлангаа тавьдаг. Мөн хорь, гуч, дөчин жилийн дараа ч сургууль дээрээ заавал ирж уулздаг сайхан заншилтай. Тэр ч утгаараа бид энэ жил “Голомт” Цогцолбор сургуулийн 80 жилийн ойг угтаж, төгсөгчдийн холбоо болох Төрийн бус байгууллага байгуулсан. Энэхүү төгсөгчдийн холбоо маань сургуулийнхаа сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулах, сургуульдаа дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах, сайн туршлагуудыг бусдад түгээн дэлгэрүүлэх, суралцагч, сургууль хоёрын хоорондын холбоог бататгасан үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулах юм. Бид энэ холбоогоо байгуулаад, цаашдаа хийх үйл ажиллагаагаа төлөвлөсөн байгаа. Манай сургуулийн барилга анх 1955 онд баригдсан, ашиглалтын хугацаа нь үндсэндээ дууссан л даа. Тиймээс манай үе үеийн төгсөгчид төрөлх сургуулийнхаа биеийн тамир спортын талбайг иж бүрнээр нь тохижуулж өгөх уриалга гаргаад, өөрсдөө гар бие оролцоод явж байна. Ер нь Манай төгсөгчид болон дүүргийн иргэд маань сургуулийнхаа төлөө их анхаарлаа хандуулж ажилладаг шүү.

  • Танай сургуулийн багш нарын нэлээд хувь нь танай сургуулийн төгсөгчид гэж бас сонссон юм байна...

Тийм шүү. Налайх дүүрэгт багшилж байгаа нийт багш нарын 40 хувь нь яг энэ сургуулийг төгссөн төгсөгчид байдаг. Манай төгсөгчид сургуулиа төгсөж ирээд л төрөлх сургуульдаа багшлах их хүсэл тэмүүлэлтэй байдагт нь их баярлаж явдаг.

  • Багш нарынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?

Тодорхой хэмжээнд шийдэж ажиллахыг хичээдэг. Налайх Улаанбаатар хотын дагуул хот учраас манай сургуульд хотоос ирж багшилдаг багш нар цөөнгүй байдаг. Мөн алслагдсан хорооноос явдаг ч багш нар бий. Тэдгээр багш нартаа сар болгон унааны мөнгө өгдөг. Мөн сургуулийнхаа цайны газар хөнгөлөлттэй хоол идүүлдэг. Одоогоор нэг иймэрхүү л туслалцаа үзүүлж байна даа. Энэ жилээс багш нарын хангамжийн асуудал их яригдаж байна. Цаашдаа шийдэгдэх байх гэж бодож байгаа. Манайх бас ахмад багш нараа сайн дэмждэг, зөвлөл хүртэл байгуулчихсан байна. Эдгээр багш нар маань өглөө найман цагтай уралдаад танхимдаа ороод ирчихдэг. Залуу багш нартаа алтан сургаалаа харамгүй хайрлаж, заавар зөвлөгөө өгдөг.

  • Таныг энэ сургуулийг хөгжүүлэхэд их үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж сонссон. Сургууль даа захирлын хувьд хийсэн ажлуудаасаа товчхон дурдахгүй юу?

Намайг тэгж үнэлж байгаад баярлалаа. Би боловсролын байгууллагад 34 жил ажиллаж байна. Сургуулийнхаа захирлаар ажиллаж байх үедээ багш нартайгаа хамтраад сургуулиа 500-аад бог малтай, 120 гаруй үхэртэй, нэг автомашинтай, хөдөлмөр зуслантай болгож байлаа. 1998 оны үед л дээ. Гэвч харамсалтай нь цагийн эрхээр юм бүхэн хувьсан өөрчлөгдөөд, тэдгээр зүйлүүд маань байхгүй болсон доо. Тухайн үед тэр зүйлүүдээр л багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдчихдэг байлаа шүү дээ. Тэр үед бас 70 хүүхдийн ортой сурагчдын дотуур байртай байсан юм. Тэгээд мөн адил тэдгээр хүүхдүүдийнхээ хоолны асуудлыг сургуулийнхаа мал, тарьсан ногоогоороо л хангачихдаг байсан.

  • Налайх дүүргийн хэмжээнд улсын нийт таван сургууль байдаг юм билээ. Танай сургууль мэдээж бусад сургуулиудаасаа ялгарах онцлогтой байгаа болов уу?

Манай сургууль хэд хэдэн зүйлээрээ сайн туршлага хуримтлуулсан байдаг. Хамгийн анх Хими, Биологийн хичээлийн “Аграпарк”-ыг байгуулж байсан түүхтэй. Одоо ч гэсэн туршилтын талбай, хүлэмж гээд бүгд л байна. Сургуулийг ерөнхийд нь хамтлагийн зохион байгуулалтад оруулж ажилладаг. Өөрөөр хэлбэл санаа бодол нийлдэг багш ажилчдаараа нэг хамтлаг болж, ажлаа өргөн цар хүрээтэй явуулдаг. Эдгээр багш нар нэгэн зорилготой болж чаддаг. Тэгэхээр сургуулийн цаашдын хөгжилд ч сайн талтай байдаг. Хоёрдугаарт бүх сурагчдыг клубийн зохион байгуулалтад оруулдаг. Чөлөөт бөх, шатар, бүжиг гэх мэтчилэн 30-аад дугуйлан, клуб ажилладаг. Тэдгээрээс бүр Төрийн бус байгууллага болох гэж байгаа клубүүд ч бий. Манай чөлөөт бөхийн клубийнхэн сургуулиа төлөөлөөд гадагшаа уралдаан тэмцээнд их оролцдог. Мөн турник сонирхдог 300-аад хүүхэд байна. Гитар сонирхдог, сайн ч тоглодог хүүхдүүд их нэмэгдэх боллоо. Энэ мэтчилэн багш болон хүүхэд тус бүрд нь тусгай үйл ажиллагаа явуулахыг хичээдэг.

  • Тэдгээр клубүүдэд явдаг хүүхдүүдээс дүүрэг, улсын шинж чанартай тэмцээн уралдаанд хэр амжилттай оролцож байна вэ?

Манай чөлөөт бөхийн хүүхдүүд гадны болон дотоодын олон уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Эмэгтэй эрэгтэй нийлсэн 30-аад хүүхэд нэг жилийн хугацаанд 70- аад медаль авсан байдаг л даа. Бид чөлөөт бөхийн хүүхдүүдийн бэлтгэлийг хангахын тулд заалныхаа арын өрөөг тохижуулаад өгчихсөн байна.

  • Танай сургуулийн гадаад болон дотоод харилцаа хэр байдаг вэ?

Дотоод харилцааны хувьд хоёр жилийн өмнөөс хот суурингийн сургуулиас Дарханы 9 дүгээр сургууль, хөдөө орон нутгийн сургуулиудаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын арван жилийн сургууль сургуультай харилцаа тогтоож, багш нараа солилцож, туршлагаасаа хуваалцсан. Их үр дүнтэй ажил болсон шүү. Мөн манай сургууль хэд хэдэн удаа сайн туршлагын сан бүрдүүлээд үзэсгэлэн гаргаж байсан. Бусад сургуулиудад нээлттэй хэлбэрээр  явуулсан. Харин гадаад харилцааны хувьд жил бүрийн зун Нидерланд улсаас хүүхдүүд ирж хичээлд сууж, манай хүүхдүүдтэй туршлага солилцдог. Ойрын хугацаанд манай дүүрэг Эрээн хотын нэг сургуультай хамтарч, туршлага солилцохоор ажиллаж байна.

  • Танай сургуулийн ойрын зорилго...

Шинэ хичээлийн байртай болж, сургуулийн орчингоо илүү таатай болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Анги тус бүрийг камержуулж, сургалтын чанарыг шинэчилж, сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

  • Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе...

Монгол орны өнцөг булан бүрт суугаа, мөн хилийн чандад ажиллаж амьдарч буй нийт төгсөгчдөдөө болон одоо суралцаж буй сурагчид, үе үеийн багш, ажилчиддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Ярилцсан. С.Мөнхжаргал

 
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.