“Эрдэнэт”-ийн экс захирлыг баривчиллаа


Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг АТГ-аас урд шөнө саатуулан баривчилсан байна. Түүнийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав гэдгийг олон хүн мэдэж байгаа болов уу...

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг баталгаанд гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан гэх хэрэгт АТГ хэрэг бүртгэл хийж мөрдөн байцаалт эхлүүлээд буй. Улмаар тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарыг яллагдагчаар татлаа. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авах хүний тоо нэмэгдэх боломжтой. Цаг тухай бүрт нь эргэн мэдээлнэ” гэсэн хариултыг өгөв.

Саатуулагдаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хувьд 2007-2013 оны хооронд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан юм. Энэ хугацаанд Өмнөд Африкийн Стандарт банканд зээлийн баталгаа гаргаж өгсөн хэрэг болсон юм. Харин Ч.Ганзориг өнөөг хүртэл “Би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг дуурайлган зурсан” гэж мэдэгдэж байв.  

Тухайлбал энэ оны гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ Ч.Ганзориг "Миний хувьд дэлхийн хэмжээний топ үйлдвэр болох “Эрдэнэт”-ийг удирдаж байсны хувьд хүссэн хүсээгүй энэ асуудалд ороогдон холбогдох байгууллагуудад өөрийн мэдэх зүйлээ хэлж тайлбарласаар өнөөг хүрсэн билээ. Улс орныхоо болон “Эрдэнэт”-ийн 6,000 хүнтэй том хамт олны өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж байсан хүний хувьд хэдэн жилийн турш ужгирч, сүүлийн үед улс төрийн өнгө аясын илэрхийлэл олж байгаа “Эрдэнэт”-ийн гэх баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Тийм ч учир өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагуудын хийж байгаа шалгалтад нөлөөлчих вий гэх болгоомжлолын улмаас хэвлэл, мэдээллийн байгууллагад хандаж байгаагүй. Олон нийтэд ч аливаа нэг тайлбар сэлт хийж байгаагүй. Энэ удаа олон нийтэд хандахаас аргагүй болгож буй гол зүйл бол Монгол Улсын Засгийн газар Лондоны Арбитрын шүүхийн шийдвэрийг харгалзан “Эрдэнэт үйлдвэр”-т Өмнөд Африкийн “Стандарт” банктай арбитрын тогтоосон төлбөрийн дүнг багасгах, өдөр, өдрөөр тооцогдож байгаа хүүг зогсоох үүднээс яриа хэлцэл хийх зөвшөөрөл өгсөнтэй холбоотой. Хэдийгээр асуудал амаргүй байгаа, хараат бус Арбитрын шүүхийн шийдвэр гарсан нь үнэн ч Монголын шүүхэд одоог хүртэл албан ёсоор хүргүүлээгүй байгаа энэхүү шийдвэртэй холбоотой аливаа яриа хэлцлийг Монголын тал яаран хийх шаардлагагүй. Учир нь олон улсын конвенцээр өөрт олгогдсон эрхээсээ сайн дураараа татгалзаж байгаа хэрэг болно. Үүнийг би цэвэр улс орны эрх ашиг, нөгөөтээгүүр цөөнгүй жил удирдаж жаргал, зовлонгоо хуваалцсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олны ашиг сонирхлын үүднээс анхааруулж байна. Шалгуулж, элдэв байдлаар хэлүүлж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байх аа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байна. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж ээдрээ төвөггтэй энэ асуудалтай холбоотой зарим баримтуудыг тодорхой саналын хамт хүргүүлээд байна.

Одоогоор олон нийтэд дараах зүйлийг хэлье. Эцсийн дүндээ “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батхүү олон баримтыг, түүний дотор миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг" нь Монголын шүүхээр тогтоогдоно гэдэгт би эргэлздэггүй. Хувь хүний асуудал яах вэ, хэзээ нэгэнтээ учир нь олдох биз. Харин олон улсын шинжээчид, шүүх шинжилгээний байгууллагаар хуурамч болох нь тогтоогдсон, баримт бичиг, хуурамч баталгаанаас болж “Эрдэнэт үйлдвэр” олон сая долларын төлбөрт унах ёсгүй гэж ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй албан тушаалтны хувьд би үзэж байна. Миний бие “Стандарт” банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх нь байтугай нэг ч удаа уулзаж байгаагүй болно. Хэрэв асуудлыг улстөржүүлэлгүй, ажил хариуцсан эрх бүхий байгууллагууд Монгол Улсын нэгдэн орсон “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай” конвенцийн дагуу “Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн гэрээнд “Эрдэнэт үйлдвэр’’-ийн гаргасан гэх баталгааны асуудлаар манай тал өөрийн байр суурийг нотлох баримтуудын хамт үндэслэлтэй тайлбарлаж чадвал арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах хүртэл эрхтэй юм билээ. Энэ талаар ч холбогдох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарт бичгээр хүргүүлсэн.

Энэ далимд саяхан Улсын Их Хурлын зарим гишүүдийн асуулгад Засгийн газар хариу өгөхдөө “Стандарт” банкнаас 213 сая ам.долларын зээл “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орсон мэтээр дурдсан нь ташаа. Тэдгээр шилжүүлэг “Жаст’’-тай холбоотой зээл бус зэсийн борлуулалтын орлого байсан гэдгийг залруулъя. Энгийн логикоор бодоход ч аль ч банк батлан даалт гаргасан этгээдийн дансанд зээлийг шилжүүлдэггүй нь тодорхой” хэмээж байсан юм.

Энэ хэрэгт нийт 5 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа гэж АТГ мэдээлэв. Ч.Ганзоригийг цаашид үргэлжлүүлэн таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг өнөөдөр шүүхээс шийдвэрлэх юм.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.