Ж.Мөнхзул: Миний төлөө цохилох зургаан зүрх байхад би ажиллаж, хөдөлмөрлөх ёстой..


Их хотын сүсэглэн биширч, мөргөн залбирдаг Гандантэгчинлэн хийд. Энэ л газар худалдаа наймаа эрхлэн ажил амьдралаа залгуулдаг олон иргэд бий. Тэдний нэг болох Ж. Мөнхзулыг энэ удаагийн “Эгэл иргэний түүх” буландаа онцлон ярилцлаа. Тэрбээр гандангийн өмнө будаа зараад арван жил болж буй. Зургаан хүүхдээ хэний ч дор оруулахгүй өсгөж, хөдөлмөрлөж яваа жирийн л нэг монгол ээж. Нүдэнд нь гал дүрэлзэж, нүүрэнд нь мишээл тодорсон энэ сайхан эмэгтэйн ярилцлагаас уншигч та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

- Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу...

Намайг Ж.Мөнхзул гэдэг. Би Хөвсгөл аймгийн харьяат. Зургаан хүүхэдтэй гурван банди, гурван охинтой. Гандангийн урд будаа зараад 10 жил болж байна. Сүүлд гаргасан гурван хүүхдээ энд л өсгөж, хүмүүжүүлж байна даа.

- Өмнө нь ямар ажил хийдэг байсан бэ?

Хувь хүний цайны газраар л их ажилладаг байсан. Ямар ч байсан хэдэн хүүхдүүдээ хоёр идүүлж, хоосон хонуулаагүй ээ. Би ажлыг эхнээс нь дуустал, чадахаас нь чадахгүйг хүртэл хийдэг. Ажил хүнийг голно уу, гэхээс хүн ажлыг голж хэрхэвч болохгүй. Хүн болгон дарга, цэрэг, баян чинээлэг байх албагүй. Зүгээр л хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, элэг бүтэн аз жаргалтай амьдрах шиг сайхан зүйл энэ хорвоогийн хаана ч байхгүй гэж боддог. Нэг үеээ бодвол хүүхдүүд том болчихлоо. Эгчийнх нь ачаа жаахан хөнгөрч байна шүү\инээв\. Хүүхдүүд жаахан байх үед “энэ амьдралыг туулж чадах болов уу, хаа нэгэн газар очоод сөхрөөд өгөх болов уу...” гэж бодож, хаяа сэтгэлээр унадаг байсан бол одоо тэр үеэсээ өөр болсон. Энэ бол миний хувьд цаг хугацааны асуудал байлаа. Өмнөх зүйлээ эргүүлж бодоход “өө хөөрхий, чи их жаахан юман дээр унах гээд байж дээ” гэж бодогддог шүү.

- Хүүхдүүд том болох тусам хэрэглээ улам л их болж байгаа биз дээ...

Тэгэлгүй яах вэ. Өмнө нь бол хүүхдүүд минь жаахан байсан болохоор хоол ундтай, өмсөх хувцастай байвал хангалттай гэж боддог байсан. Харин одоо бол хүүхдүүд минь томроод сайхан байгаа боловч, дахиад санаа зовох зүйл гарч ирж байна аа, бас. Үр хүүхдүүдээ том болохын хэрээр буруу зүйл рүү хазайгаад хальтарчих вий гэж их айдаг. Би хүүхдүүдийнхээ хүмүүжилд маш их анхаардаг. Яагаад гэвэл зөв хүмүүжил насан туршийн боловсрол болдог гэж би боддог.

- Гандан хавиар будаа заруулахаа болиод гурван жил боллоо. Та харин зараад байгаа бололтой...

Яг Төв Гандангийн үүд хавиар бол заруулдаггүй. Харин энд бол зүгээр. Цагдаа байсхийгээд л ирдэг юм. Эгч нь архи ууж, болж бүтэхгүй зүйл хийдэггүй учраас зүгээр л өнгөрдөг. Намайг олон хүүхэдтэй гэж мэддэг учраас ойлгодог байх аа, хөөрхий. Харин гаднаас нэр хүндтэй зочин ирэх, төрийн айлчлалын үеэр “Маргааш битгий ирээрэй, ийм, тийм учиртай хүн ирнэ шүү” гээд бидэнд учирлаад хэлдэг.

- Хамгийн бага хүүхэд тань хэдэн настай вэ?

Том охин минь 20 настай. Харин бага нь гурван ойтой. Дөрвөн хүүхэд арван жилийн сурагч. Бага хүүхдээ цэцэрлэгт явуулдаг. Тийм болохоор л ажлаа тайван хийж чаддаг даа.

- Өдөрт хэдэн төгрөгний орлого ордог вэ?

Өдөрт 25-30 мянган төгрөгний цэвэр орлого ордог.

- Будаагаа хаанаас авдаг вэ?

Дэлгүүрээс авдаг. Мөнгөтэй байгаа үедээ их хэмжээгээр нь авдаг. Жаахан тааруухан байгаа үедээ бага багаар авдаг даа.

- Ер нь амарч чаддаг уу. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс ихэвчлэн амрах чөлөөгүй ажилладаг мэт санагддаг...

Амралгүй яахвэ. Харин ч тогтсон цагтай, албаны ажил биш болохоор дуртай үедээ амарчихдаг шүү. Өөртөө зав гаргах үедээ хангалттай цаг зав гаргана. Өвлийн цагт хомсхон гардаг. Миний хувьд үр хүүхдүүддээ цаг зав гаргах хамгийн чухал гэж боддог. Эцэг эхийн хуралд сууна, хичээлийг нь хийлгэнэ гээд л эгчид нь бас ажил мундахгүй шүү\инээв\. Нэг хүү маань энэ жил есдүгээр ангиа төгсөнө. Тэгээд л дөрөвдүгээр анги, гуравдугаар анги гээд л явж өгнө шүү дээ. Хүүхдүүдийн маань энэ үе ээж гэдэг хүний анхаарал хамгийн их хэрэгтэй. Тийм болохоор би цагийг сайн баримталдаг бас зөв зохицуулдаг. Би өглөө энд хэдэн цагт ирэх ёстой вэ, орой хэдэн цагт гэртэй очих ёстой в,э гэх мэтчилэн цагийг үнэхээр сайн төлөвлөдөг.

Хүүхдүүд минь намайг ойлгодоггүй байсан бол, би хаашаа ч хазайчихсан байж магад...

- Өөр ажил хийе гэсэн бодол байдаг уу?

Байлгүй яах вэ. Замын цэвэрлэгч хиймээр санагддаг шүү.

- Яагаад. Та будаа зарахаа болиод тэр ажилд орчхож болно шүү дээ...

Орж болно л доо. Хамгийн гол нь гурван сарын дагалдан хийлгээд сарын 300 мянган төгрөг өгдөг юм билээ. Над шиг олон хүүхэдтэй хүнд тэр нь хэцүү санагдсан.

- Тэр ажилд гурван сар дагалдан хийснээс энд будаагаа зараад байсан нь дээр гэж үү?

Би гурван сар тэсэж чадахгүй дээ гол нь биш л дээ. Олон зүйлийг тэвчээд гараад ирчихсэн надад бол гуравхан юу ч биш шүү дээ. Би бодож үзсэн л дээ. “Миний хэдэн хүүхэдийн хэд нь сургуульд, хэд нь цэцэрлэгт явж байгаа билээ дээ. Тэр мөнгийг хүргэж чадах уу. Нэг нь өвдвөл би яах вэ. Сургууль цэцэрлэгээс мөнгө нэхвэл яах билээ...” гээд л. Тэгээд будаагаа зараад байвал амьдралд хүрэлцээтэй юм байна гэж бодсон.

- Та тэгээд ганцхан будаа зараад олсон жаахан мөнгөөрөө яаж зургаан хүүхдээ болгоод байдаг юм бэ?

Өө тэгээд, олон түмнийхээ, сүсэгтэн олныхоо буянд болгож л явна. Энд будаа зарснаар миний хүүхдүүд хоосон хонож үзээгүй ээ. Үнэхээр буянтай, ээлтэй газар даа.

- Уучлаарай, та нөхөргүй юм уу?

Би нөхрөөсөө олон жил тусдаа амьдарсан. Харин нөхөр маань хэдэн сарын өмнөөс эргээд ирсэн. Манай хүн энэ олон жилийн хугацаанд надад тус нэмэр болж байсан удаагүй ээ. Ер нь бол өрх толгойлсон ээжүүдтэй ялгаагүй л зургаан хүүхдээ ганцаараа тэжээж, өсгөж, амьдралаа ганцаараа нуруундаа үүрч ирсэн. Гэхдээ амьдралдаа хэзээ ч гутарч үзээгүй шүү. Миний төлөө цохилох зургаан зүрх байхад би ажиллах хөдөлмөрлөх эрхтэй шүү дээ. Эгч нь хар бараан зүйлд дургүй. Үргэлж сайн сайхан зүйл бодож, санаж явдаг. Өнөөдөр би хэцүү амьдраагүй. Зүгээр амьдралын төлөө тэмцэж яваа эх хүн байна. Ер нь амьдрал тэмцэхгүй юм бол амьд яваад яах юм бэ. Бүх зүйл утгагүй шүү дээ. Хүмүүс намайг өрөвдсөн нүдээр хархад би дургүй. Энэ эмэгтэй амьдрах гэж зүтгэж байна даа гэх өнцгөөс хараасай гэж боддог. Хамгийн гол нь би хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлэх юмсан л гэж хичээдэг. Энэ бол миний үүрэг. Би төр засгаас хэдэн төгрөг өгөх бол, намайг дэмжих болов уу, гэж горьдож суудаггүй. Би хүний өмнөөс амьдраагүй шүү дээ. Хүн өөрийнхөө ачааг өөрөө л үүрэх ёстой доо.

- Өрх толгойлсон эмэгтэйд сар бүр 250 мянган төгрөг өгдөг шүү дээ. Та нөхрөөсөө гэрлэлтээ салгуулаагүй юм уу?

- Салгаагүй ээ. Салгавал сар бүр 250 мянган төгрөг авна л даа. Гэхдээ би тэгье гэж огт бодож байгаагүй. Тэр бол миний хүүхдүүдийн аав. Нөхөр маань хүрээд ирчихлээ. Одоо л сайхан амьдарна гэж бодож байгаа. Хүнд боломж өгөх хэрэгтэй шүү дээ.

- Та амьдралын сайн сайхан аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ?

Үр хүүхдүүдээсээ мэдэрдэг. Энэ хорвоогийн утга учир бол гэр бүл, үр хүүхэд. Хүүхдүүд минь өвчин зовлонгүй, идье гэсэн зүйлээ иддэг, авъя гэсэн зүйлээ авдаг байхад л боллоо. Үнэтэй брэндийн хувцас өмсүүлж чадахгүй ч гэсэн би хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихдөг. Төрсөн өдрөөр нь бялуу барьчихсан аз жаргалтайгаар гэр лүүгээ алхахыг л аз жаргал гэж боддог доо. Би амьдралыг солонгын долоон өнгөөр төсөөлдөг. Өөрөөрөө бахархахаас гадна хажууд минь байгаа охин үрээрээ илүү их бахархдаг. Уйлахад минь нулимсыг арчиж, унахад минь гараас минь атгаад авдаг охин үртэй хүн хаана ч алзахгүй. Манай хүүхдүүд ээжийгээ маш сайн ойлгодог. Хэрвээ намайг хүүхдүүд минь ойлгодоггүй бол би хаашаа ч хазайчихсан байхыг үгүйсгэхгүй.

Эрийн хийморь доройтвол, улсын хийморь доройтдог жамтай...

- Та заримдаа хэтэрхий ачааг нуруундаа үүрч явна даа гэж шантарч, гутардаг уу?

Нэг их гутрах нв ч юу юм. Гэхдээ би өөртэйгөө хамгийн ихээр ярилцдаг. Тийм ч болохоор аливаа зүйлийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байдаг байх. Миний өдий зэрэгтэй яваа минь өөртэйгөө ярилцдагын тус гэж би боддог. Хэрвээ би амьдралын хатуу хөтүүг давж чадаагүй байсан бол өдийд архинд орчихсон байгаа. Энэ хэдэн хүүхдүүд минь өнөөдөр атгасан гар шиг байхгүй байсан. Би зарим хүмүүсийг гайхдаг эцэг эх нь байхад яагаад архи уугаад амьдралаа сүйтгээд явдаг юм бэ гэж. Залхуу, амьдралын үнэ цэнийг ойлгоогүй учраас л тэгж явдаг байх. Би будаа зарж байгаадаа хэзээ ч ичиж байсангүй. Хүний л амьдрал шүү дээ. Хүний амьдралд юу ч тохиолдож болно хамгийн гол нь тэсээд л гарах хэрэгтэй. Амьдралд тэмцэж чадсан нь л үлддэг юм.

Энд будаа зарж байгаа ажиглаад байхад ихэнх нь согтуу байх юм...

Харин тийм ээ, энд янз бүрийн л хүмүүс будаа зардаг. Сайн ч хүн байна, саар ч хүн байна. Будаа зарж олсон жаахан хэдээрээ уучихдаг хүн байхад түүгээр над шиг амьдралаа авч яваа хүмүүс ч бий.

- Та мэдээж Монгол улсын иргэн хүний хувьд төр засгийн талаар өөрийн гэсэн бодолтой явдаг байх...

Мэдээж бодол байлгүй яах вэ. Би Монголын төрийг эмэгтэйчүүдийгээ л илүү анхаараасай гэж боддог. Манайд өөрөөсөө хэд дахин хүнд ачаа үүрээд явж байгаа асар олон эмэгтэйчүүд байна. Эрчүүд нь тэр ачаанаас нь үүрэлцэх нь битгий хэл, шантарч зугтаагаад буруу тийшээ хазайдаг болчихсон. Тиймээс энэ тал дээр илүү анхаараасай гэж бодож явдаг даа.

- Таны ярианаас сонсоод байхад их өөдрөг үзэлтэй хүн юм. Сэтгэлээр унасан үедээ яаж тайтгардаг вэ?

Баярлалаа. Амттай зайрмаг авч идэх дуртай. Эсвэл вок, саван, гоё үнэртэй юм бүхэн цуглуулах дуртай. Тэгээд гэрийнхээ шалыг хөөсөртөл нь угаах сайхан шүү дээ. Дараа нь хүүхдүүдийнхээ хувцсыг индүүддэг. Энэ чинь л аз жаргал даа.

-Та бол энгэртээ “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон зүүсэн мундаг ээж. Одонгуудаа гардаж авах тэр мөчид ямар мэдрэмж төрж байсан бэ?

“Амьдрал чамд баярлалаа” гэж хэлээд л баярын нулимс унагаасан даа. Өнгөрсөн зургадугаар сарын нэгэнд гардан авсан. Би хоёрдугаар одонгоо авах мөчид дундах хүүгээ хэвлийдээ тээчихсэн байсан.Үнэндээ одон ээж хүнийг тэгж гоё гардуулдаг гэж бодоогүй шүү. Өмсөж байсан хувцастайгаа пүүз өмсчихсөн очсон\инээв\. Тэгээд гол зураад л явчихсан. Үнэхээр сайхан эмэгтэйчүүдийг хараад нүднээс нулимс цийлгэнээд сонин болсон шүү. Сая нэгдүгээр одонгоо авахад үнэхээр сайхан байсан. Хүүхдүүд минь ширээ засчихсан ээжийгээ хүлээж авсан\инээв\.

- Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе...

Эгч нь өглөө болгон наран ээж, хөх тэнгэр, уул усандаа цай сүүнийхаа дээжийг өргөдөг. Сүүгээ өргөхдөө “Энэ дэлхийн үр сад бүхэн амар амгалан байгаасай” гэж залбирдаг. Би Монголынхоо эрчүүдийг хийморьлог байгаасай гэж боддог. Эр хүний хийморь доройтвол Монгол улсын хийморь доройтдог жамтай. Бас эмэгтэй хүн ээж гэдэг утгаараа ариун яваасай гэж боддог. Өсвөр үеийн хүүхдүүд эрдэм номын боловсрол биш хүмүүжлийн боловсролыг дээд цэгт тавьж байгаасай. Тэгвэл ямар ч цаг үеийг туулж гарч чадна. Нэг хаалга хаагдвал нөгөө хаалга заавал нээгддэг юм шүү. Нөгөө хаалгаа олж чадахгүй учраас хүмүүс бүдэрдэг. Хайгаад л бай, хайгаад л бай заавал хонгилын үзүүрт заавал гэрэл асдаг юм шүү гэж хэлэе дээ.

- Ярилцсанд баярлалаа. Таныг зургаан сайхан үрийн тань буян заяа үргэлжид ивээж, түших явах болтугай...

Ярилцсан М.Дайриймаа

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.