Ц.Нямдорж сайдын “хуурай дүү” ял сонслоо...


Улстөрийн “хатуу самар”, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой холбоотой сайн, саар хэл ам бишгүйдээ л гардаг. Гэвч тэр болгонд эрхэм сайд ам нээдэггүй, зарим “масс”-д хүрсэн дуулиан, шуугианд жинтэй хэн хариу өгчхөөд сууж байдаг гэхэд болно. Тиймдээ ч түүнийг тойрсон шуугиан тэгсхийгээд л намжчихдаг. Тэгвэл түүний “хуурай дүү” гэгддэг “ТЭЦ-4” ТӨХК-ийн захирал асан С.Анхбаяр хоёр жилийн ял сонслоо. Тодруулбал эрхэм сайдыг “Эрдэнэт”-ийн асуудлыг хөндөж эхлэх үеэс л түүнтэй холбоотой хоёр Анхбаярын асуудал “мандсан”. Нэг нь түүний том хүү Анхбаяр бол нөгөөх нь түүний хуурай дүү “ТЭЦ-4”-ийн захирал С.Анхбаяр болж таарсан. Хоёр Анхбаярын асуудлыг анхалж хөндсөн хүн бол ТЕГ-ын экс дарга Б.Хурц. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “Ц.Нямдорж хоёр Анхбаяртай холбоотой. Нэг нь хүү нь, нөгөө нь монголчуудын ярьдгаар хуурай дүү С.Анхбаяр. Хуурай дүү “Дулааны цахилгаан станц-4”-ын дарга С.Анхбаяр нь оффшорын асуудалтай. Энэ хүн өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй" хэмээн олон нийтэд мэдээлсэн.

Харин С.Анхбаярын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос асуухад “Би тэр ТЭЦ-4-н С.Анхбаярыг танихгүй. Энэ залуу чинь ХХБ-ны сахал Эрдэнэбилэгийн хуурай дүү шүү дээ” гэсэн тайлбарыг өгсөн удаатай.

Энэхүү дуулианы дараахан нь АТГ-аас мэдээлэл хийх үеэрээ “ТЭЦ-4-ийн захирлаар ажиллаж буй С.Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. С.Анхбаяр гэдэг нэртэй хүн “Эрдэнэт үйлдвэр”-т ямар нэг буруу аргаар бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал байхгүй. Энэ тухайд бид шалгаад хаах саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн” гэж мэдэгдэж байв. Гэтэл хэдхэн сарын дараа АТГ-аас С.Анхбаярыг яллагдагчаар татаж, өөрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй. Хамаарал бүхий компанидаа давуу байдлыг олгосон байх магадлалтай гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл саяхан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах шийдвэрийг гаргалаа.

Ц.Нямдорж сайдын “хуурай дүү” С.Анхбаяр гэж хэн бэ...

С.Анхбаяр нь Увс аймгаас гаралтай бөгөөд Ц.Нямдорж сайдтай нутаг нэгтэй гэдэг утгаараа түүний хуурай дүүгээр нэрлэгддэг бололтой. Тэрээр эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр ч компанитай гэх мэдээлэл байна. С.Анхбаяр нь Б.Ганхүүг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн захирлаар томилогдож байсан нэгэн юм.

С.Анхбаярын хувийн компани гэх “Хан хув”, “Хаан хув” гэх нэрс дуулддаг бөгөөд “Хан хув”-ын тухайд  Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр уг дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан гэгддэг. Үүнд “Хан хув” ХХК 2008 оны тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 8-ны хооронд ажлыг гүйцэтгэх гэрээтэй байсан боловч тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг олгоогүй, нийлүүлэгч санхүүгийн чадваргүй зэргээс шалтгаалан хугацаанд нь хийгээгүй байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн 2014 оны арван-нэгдүгээр сарын тайланд “Хан хув” ХХК нь ОХУ-аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлсэн нь бий. Түүнчлэн зочид буудал болон бусад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэдэг.

С.Мөнхжаргал

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.