Аварга Харумафүжи арлын орон дахь карериа өндөрлүүллээ...


Мэргэжлийн Сүмо бөхийн 70 дахь Ёкозүзна Харүмафүжи Кохэй буюу Их аварга Д.Бямбадорж зодог тайлах болсон тухай харамсалтай мэдээг Монголын спорт сонирхогч, бөхдөө хайртай ард түмний сонорт хүргэснээс хойш жил шахам хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл Их аваргын зодог тайлах ёслол өчигдөр буюу 2018 оны 09 сарын 30-ны өпөр болж өнгөрлөө. Зодог тайлах ёслол нь үс авах ёслол буюу бөхийн замналаа дуусгаж буйг илтгэсэн агуулгатай юм. Харүмафүжи Д.Бямбадорж сүүлчийн удаа дэвжээнд гарч, "ёкозүна дохё-ири" ёслолыг хийлээ.

Нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудлаар Ёкозунагийн зөвлөл хуралдаж,  Их аваргад хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэж үзэн зодог тайлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Эл шийдвэр нь сумогийн дэвжээний далд ертөнцөд орших зөрчлийн золиос нь боллоо гэх шүүмжлэлийг ч араасаа дагуулсан.

Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгдсэнээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол-2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ есдүгээр сарын 1-нд нээсэн юм. Мөн тэрбээр зураг зурах авьяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаад буй. Харин Д.Бямбадорж зодог тайлснаасаа хойш юу хийх талаараа одоо болтол тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ 2001 оны 3 дугаар сарын Харү башёд анх зодоглохдоо 7 даван түрүүлж байсан Д.Бямбадорж Сүмогийн дээд зиндаанд 9 түрүүлж, Ёкозүна цолыг хүртэн, өөрийнхөө эр бяр, уран хурц барилдаанаараа Япон болон Монголынхоо сүмо сонирхогчдын мэлмийг мялаан сэтгэлийг баясгасаар ирсэн билээ.

  

Монголчууд Сүмо бөхийг хамгийн ихээр хорхойсон үздэг байсан үе буюу 2004 онд Дээд зиндаанд хүч түрэн орж ирж, башё бүрт ямар нэгэн шагнал хүртэж, бэртэлтэй байсан ч 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлчихээд өнждөг байсан Харумафүжи хоёр жилийн дараа дээд цолтнуудын эгнээнд нэгдэж, мөн хоёр жилийн дараа буюу 2008 онд Озеки хэмээх мэргэжлийн сүмочдын тэр бүр хүртэж чаддаггүй өндөр цолонд хүрч байсан юм. Түр үедээ сүмо бөхийн нэрээ Харүмафүжи болгон сольж байсан юм. Түүний биеийн жин бага гэсэн шалтгаанаар олон хүн хүрэх дээд цолдоо хүрлээ гэж байсан боловч тууштай хичээл зүтгэл, хариуцлагатай барилдаанаараа 2012 онд Ёкозүна цолонд хүрч, Монголоос төрөн гарсан 3 дахь, Мэргэжлийн Сүмогийн 70 дахь их аварга болсон юм.

Ид эрчтэй үедээ сумогийн дэвжээг орхиж байгаа нь монголчуудын төдийгүй япончуудын сэтгэлд  харуусал төрүүлж буй. Гэхдээ түүнийг баяртайгаар өлгийдөн авах эх орон нь хүлээж байна...

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.