2020 ОНЫ СОНГУУЛЬ ХЭДИЙНЭ ЭХЭЛЖЭЭ


УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил үлдээд байна. Тэгвэл 2020 оны сонгуулийн шоу аль хэдийнэ эхэлсэн бололтой. Дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганыг угтан хэсэгтээ л назгай байдалтай байсан намууд хөдөлгөөнд орж, улстөрчдийн бэлэн цэцэн үг олширч байгаа харагдана.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эрхээ нэхсэн төрийн бус байгууллагууд, бүсгүйчүүд гурван ч жагсаалыг зохион байгуулсан бол залгуулаад хотын дарга асан Э.Бат-Үүл 'Гэр хорооллын иргэдийн III чуулган''-ыг зохион байгуулж эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүллээ.

Харин өнгөрсөн УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон цагаас хойш үзэл баримтлал, зүгээ чигээ олж авах нэрийн дор шинэчлэл явуулж буй Ардчилсан намын дотоод улс төр эхэлснийг ҮБХ-ноос хасагдсан гэх 118 хүний оронд ротаци явуулахаар болсон тухай шийдвэрээс нь харж болно. Ямартаа ч ялагдсан цагаасаа хойш нам гүм байсан Ардчилсан нам өнгөрсөн өвөл жагсаал зохион байгуулж, 2018 оны талбайн жагсаалын салхийг хагалсан. Өдгөө Ардчилсан намд өрнөж буй дотоод улс төрийг “их цэвэрлэгээ” гэж харах нэгэн байхад шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй том өөрчлөлт гэж тус намын удирдлагуудаас тайлбарлаж буй.

 АН-ын удирлагуудын тайлбараар тус нам ахиад дотоод сонгууль явагдах нь тодорхой, энэ нь мэдээж тодорхой эрх ашигтай байх нь ч ойлгомжтой байна. Ийнхүү эрх мэдэлгүй үлдсэн ч ирээдүйн эрх мэдлийн төлөө АН дотроо бие биеэ намнаж эхлэв үү гэлтэй. Ялсан цагаасаа хойш эрх мэдлийн төлөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон МАН-ынхан засгаа онхолдуулж, намын тамгаа У.Хүрэлсүхийн гарт шилжүүлснээс хойш нам гүм мэт байгаа боловч, хөшигний ар дахь улс төр нь улам ширүүсч байгаа аж.

Ц.Нямдорж өөрийнхөө эрх ашгийн төлөө бол “Чөтгөртэй ч нэгдэж чадна” гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан удаатай. Үүнтэй зэрэгцээд хэвлэлүүдэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаж, гянданд хоригдож байгаа Б.Содномдаржаагийн захидал гэнэт дэлгэгдсэн нь захиалагч, зуулчлагчийг илрүүлэхээс айж хэргийг задлах гэсэн санаархалтай бүлэглэлийн ажиллагаа байв уу гэсэн хардлага ч олон нийтийн сүлжээнд явж байна. Дээр нь У.Хүрэлсүх хуурай дүү Д.Гантулгаа эргүүлэн татаж, Хэнтийн тойрогт нь нөхөн сонгууль явуулах асар их сонирхолтой байгаа ч аюул нь Н.Энхбаяр болсон гэх. Д.Гантулгыг эргүүлэн татаж магадгүй гэх сургаар Хэнтийг услаад эхэлсэн Н.Энхбаярын нэр хүнд У.Хүрэлсүхийнхнээс ч илүү байгаа учраас Ерөнхий сайд тойргоо алдах магадлалтай.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.