"Ах" намын долоон залуу гишүүн "завинд" шилжив...


Улстөрийг "атгаж" буй ууган хүчнийхэн Засгаа унагаж, удирдагчаа солиод багагүй хугацааг үдэж буй ч дотоод зөрчил нь хэвээр байгаа гэж улстөрийн хүрээнийхэн чиг, жуг хийлцэх болсон. Нээрээ ч гаднаа нялуурч дотроо бялуун дээрээ "булаацалдаж" буй дүр зураг үе үе цухалцах. Хорь шахам хоногийн өмнө л гэхэд тус намаас УИХ-д төлөөлөн сууж буй хэдэн залуу гишүүд нэгдэн намынхаа эсрэг мэдэгдэл хийсэн. Тэр үед мэдэгдэл хийсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд, Т.Аюурсайхан нарыг  "өрх тусгаарлаж" байгаа гэх яриа гараад амжсан. Тодруулбал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үеэс л эхлэн 33, 32-ын гэсэн хоёр тусдаа "фракц"-тай болсон МАН-ын УИХ-ын гишүүд дахин хуваагдаж 3 бүлэгтэй болсон бөгөөд гурав дахь бүлэг нь сая нэр дурдсан долоо хэмээн яригдаж байсан. Тэгвэл тэрхүү яриа үнэн байжээ. Учир нь Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Н.Учрал, Л.Энхболд, Б.Энх-Амгалан нарын УИХ-ын долоон гишүүн нэгдэж МАН-ын Дэвшилтэт холбоог байгуулж, ажилдаа хэдийнэ орцгоосон байна. Тэд  авилгын эсрэг, шинэ засаглалын бодлогын төлөө, дэвшилтэт намын төлөө, ирэх 25 жилийн шинэ хөгжлийн төлөө гэсэн үндсэн зорилттой ажиллахаар бодлогоо боловсруулжээ. Ийн намынхнаас өөр "завинд" шилжин суусан долоон гишүүн ойрын үед олон нийтэд мэдээлэл хийх гэнэ. Нэр хүнд нь өдөр ирэх бүр л унаж буй намаасаа зай, завсар авч буй нь мэдээж 2020 оны сонгуульд бэлтгэж "хаяагаа манаж" буй үйл явдал гэдэг нь хэнд ч тодорхой биз ээ. Харин Х.Нямбаатар гишүүн ойрд их хэвлэлээр гараад байхыг бодвол холбооны тэргүүнээр сонгогдсон байхыг үгүйсгэхгүй л юм даа.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.