А. Түмэн-Өлзий: Би дуулж байгаа дууныхаа тоонд биш чанарт анхаардаг


СТА, жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар энэ сарын 19-нд "Би чиний зүрхэнд байна уу?” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо “Аса” циркэд ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолттой нь холбогдуулан дуучин А.Түмэн-Өлзийтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

- Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Тоглолт нь болох гээд завгүй л явна уу?

Юуны өмнө танай сайтыг шимтэн уншдаг нийт уншигчиддаа энэ сайхан намрын налгар өдрийн мэндийг хүргэе. Тоглолтын ажил гээд өдөр шөнөгүй л бэлтгэлээ хийгээд тун завгүй л гүйж явна даа.

- Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ. Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог болох бол...

Бид хоёрын энэ удаагийн тоглолт мэдээж өмнөх тоглолтоосоо тэс өөр шинэлэг, содон өнгө аястай болно. Шинэлэг болгохын тулд бид хоёр нэлээдгүй их хичээж байна. Л.Сөрөлт бид хоёр хамтран 2015 онд буюу одоогоос гурван жилийн өмнө “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийж байсан. Бид ганцхан удаа тоглоно гэж байсан боловч билет нь дуусаад үзэгчдийн хүсэлтээр дахин тоглосон. Энэ удаагийн тоглолтын ямар шинэ содон өнгө аястай болох нь постер зурагнаас л илт үзэгч сонсогчид маань харагдаж байгаа байх. Аль болох цаг үетэйгаа хөл нийлүүлэхийг хичээж байна даа. Энэ тоглолтонд зориулан бүтээсэн бид хоёрын тус тусын шинэ уран бүтээлүүд дуулагдах болно. Тухайлбал Л.Сөрөлт “Өргөн Сэлэнгэ” дуугаа хөгжмийн найруулга болон бүхий л зүйлийг нь шинэчилсэн хэлбэрээр хүргэнэ. Энэ дуунд хүмүүс их дуртай байдаг шүү дээ. Мөн их сонин сэдэлтэй О.Эрдэнийн хөгжим “Нүдэн” гээд их хөөрхөн дуу мэндэлсэн байгаа. Түүнийгээ ч дуулна. Миний хувьд гэвэл өнгөрсөн гуравдугаар сард хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн. Тоглолтондоо дуулагдсан шинэлэг сайхан уран бүтээлүүдээ энэхүү тоглолтондоо түүвэрлэж дуулна. Бас мэдээж бид хоёрын хамтарсан дуунууд хүрнэ. Энэ дундаас онцолбол Оросын “Последний раз” буюу “Сүүлчийн удаа” хэмээх сайхан уран бүтээлийг МУГЖ Ч.Насан-тогтох багштайгаа хамтран хөгжмийн найруулгыг нь шинэчилж, дуулж байгаа. Энэ дууг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Тийм учраас үзэгчдэд их сонин содон байх болов уу гэж найдаж байна.

- Та хоёр ер нь хамтын уран бүтээлийн сандаа хэчнээн дуутай болж байна вэ, цомог гаргаж амжсан уу?

Бид хоёр нийт дөрвөн удаа тоглолт хийж, Монгол орноо нэг бүтэн тойрсон хирнээ ганц ч СD, цомог гаргаж амжаагүй л явна\инээв\. \Уг нь хамтдаа дуулсан дуунуудаас цомгонд орох хэмжээний дуунууд хангалттай бүрдсэн байгаа. Үзэгч сонсогчиддоо хүргэж амжаагүй дуунууд ч их байна. Удахгүй цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа.

- Ер нь та хоёрын дуулсан дуунууд их хөнгөн хирнээ гэгээлэг өнгө аястай байдаг. Та хоёрын хоолойны өнгө, онцлогтой холбоотой юу?

Баярлалаа. Бид хоёр уран бүтээлийн эрэл хайгуул их хийдэг. Ямар уран бүтээл дээр ажиллах талаараа их сайн ярилцдаг. Түүнээс дуу болгоныг авч дуулаад байх юм бол үзэгчдэд хүрэхгүй шүү дээ. Тухайн уран бүтээлийг хүнд хүргэнэ гэдэг бол асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардагддаг учраас нухацтай ханддаг л даа. Бидэнд энэ дууг хамтран дуулаач ээ гэсэн олон хүсэлт ирдэг. Тэр дундаас шилж, өөрсдийнхөө хоолойны өнгөнд тохирсон дуу сонгож дуулдаг. Тийм учраас уран бүтээлүүд маань үзэгчдэд хурдан хүрдэг болов уу.

- Танд анх дуулах саналыг жүжигчин Л.Сөрөлт тавьж байсан гэдэг юм билээ. Анх санал ирэхэд ямар санагдаж байв?

Тийм ээ. Сөрөлт анх надад хамт дуулах санал тавьсан. Сайн яривал бид хоёр чинь Хөвсгөл аймгийн нэг нутгийн хүмүүс л дээ. Би Завхан аймгийн Улиастай хотод төрсөн ч аав, ээж маань Хөвсгөлийн уугуул. Сөрөлтийг анх хамтран дуулах санал тавихад би үнэхээр сайхан хүлээж авсан. Бид хамтарч дуулахад нэлээд тохирдог гэж би боддог. Өмнө нь хамтарч дуулдаггүй байхдаа уран бүтээлч хүний хувьд нь их хүндэлдэг байлаа. Бид хоёрын анх дуулсан дуу “Хөөрхөн” гээд дуу байдаг. Анх сонсож үзэхэд үнэхээр таалагдсан. Гаргасан дуу болгон маань ард түмэнд ч сайхан хүрч байна. Л.Сөрөлт жүжиглэхээс гадна бурхнаас заяасан их сайхан хоолтой залуу.

 - Жүжигчин, дуучин хоёр хүн хамтарч уран бүтээл хийхэд давуу болон, хүндрэлтэй нь юу байдаг вэ?

Давуу тал нь илүү их л дээ. Нэг нь клипныхээ санааг амархан олчихдог. Нөгөөх нь дууныхаа найруулгыг ярилцаад бодоод олчихдог гэх мэтээр. Мэргэжил мэргэжлээрээ хоёр талаасаа ярилцаад хамтран уран бүтээл хийхэд бид хоёрын дундаас сайхан уран бүтээл гардаг учраас давуу тал их байдаг.

- Анх хамтарч уран бүтээл хийнэ гэхэд хоёр талын гэр бүлийнхэн тань хэр ойлгож, хүлээж авсан бэ. Ер нь хардах тохиолдол хэн хэний тань гэр бүлд байдаг уу

Ерөөсөө таагүй байдлаар хүлээж аваагүй ээ. Аль, аль тал нь сайхнаар л хүлээж авсан. Нээрээ ямар сайхан санаа вэ, яагаад болохгүй гэж л хүлээж авсан даа.

- Энгийн амьдрал дээрээ та хоёрын гэр бүлүүд хэр харилцаатай вэ, хамтдаа цагийг өнгөрөөх, нэгнийхээ гэр бүлд туслах тохиолдол байдаг уу...

Тийм ээ. Бид энгийн амьдрал дээр сайхан харилцаатай гэр бүлийн найзууд. Нэгнийхээ хүүхдийн үсний найр, төрсөн өдөрт хамт л байж байдаг. Жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцдаг. Бид хоёр уран бүтээл гаргахын тулд үргэлж л хамтдаа ажилладаг. Үүний цаана сайхан гэр бүлүүд маань дэмждэгт их баярлаж явдаг шүү.

- Миний бодлоор сүүлийн үед “Урлагийнхан” гэдэг нэрийн дор бүхий л урлагийн төрөл жанр холилдоод байгаа юм шиг санагддаг. Жишээлбэл дуучин хүн жүжиг, кино урлагт хүч үзэж байхад жүжигчин хүн дуулж, хөгжимдөх бол хэвийн л үзэгдэл болсон санагдах. Энэ байдал мэргэжлийн нэр хүндийг унагахгүй юу...Мэдээж мэргэжлийн бус хүн мэргэжлийн хүний авьяас чадварт хүрэхгүй шүү дээ. Та юу гэж бодож байна вэ?

Миний бодлоор мэргэжил гэдэг зүйлийг хүн бүр эзэмшсэн байх ёстой. Заавал номын дуу сонссон байх хэрэгтэй. Яагаад гэвэл би өөрөө мэргэжлийн дуучин хүн учраас тэгж боддог л доо. Магадгүй Л.Сөрөлт мэргэжлийн жүжигчний ур чадварыг нь суралцсан  учраас энэ мэргэжлээрээ явж байгаа. Мэргэжлийн жүжигчин биш мөртлөө нэг кинонд тоглочхоод дуу дуулаад яваад байгаа хүмүүсийг хараад би жаахан шүүмжилдэг. Гэхдээ би хэлэх гэхээр өөрөө жүжигчин хүнтэй дуу дуулдаг болохоор эвгүй л дээ. Хүмүүс намайг шүүмжилнэ шүү дээ. Би хамтрагчийнхаа хувьд юу гэж боддог вэ гэхээр суралцаагүй хирнээ, дуу дуулаад ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөж байна. Чадаж байгаа учраас хэн ч үг хэлэх эрхгүй шүү дээ. Үнэхээр дууг сайхан амьдруулж байгаа учраас алга ташаад ард түмэн хүлээж авч байна. Сөрөлт бол хүлээн зөвшөөрөгдсөн дуучин хүн юм. Зарим нэгэн залуучууд дуулаад л жүжигчин болно гэсэн өрөөсгөл ойлголттой явдаг юм шиг. Эхлээд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй болов уу. Хамгийн гол нь суралцсан байх хэрэгтэй л дээ.

- Та хоёрын бие биенээсээ олж авч, суралцаж буй сайхан чанарууд мэдээж байдаг байх..

Бид хоёр цаг сайн барьдаг. Аливаа нэгэн ажлын эхлэл нь цаг барих байдаг. Тийм учраас бид хоёр аль аль талдаа хариуцлагатай ханддаг. Дааж авсан ажлуудаа хариуцлагатай хийдэг. Ингэж бие биенээ хүндэлж, ажиллаа хийдэг учраас л ажил сайн явагддаг байх л даа. Бид хоёр ер нь их ижилхэн зан чанартай хүмүүс л дээ.

- Та дууны урлагт тасралтгүй арваад жил уран бүтээлээ туурвилаа. Уран бүтээлч хүний хувьд баримталдаг зарчим тань.

Хийж байгаа уран бүтээл бүхнээ чанартай, чансаатай хийхийг хичээдэг. Үргэлж шинийг илэрхийлж, толгойгоо гашилгаж явдаг. Би тоондоо биш чанарт анхаардаг. Багш нар маань ч мөн адил ингэж л захидаг байсан.

- Хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

Би гэрийн эзэгтэйн үүргээ хангалттай биелүүлдэг. Гэвч ажил мэргэжлээсээ шалтгаалаад өдөр бүр гэртээ хоол хийж амждаггүй л дээ\инээв\. Энэ бүхний ард миний сайхан ээж, хань хоёр минь байдаг. Ээж минь ар ажлыг минь асаалттай танк шиг л зохицуулдаг. Мэдээж сайхан тайван амгалан гэр бүл байгаа учраас бид бүхэн уран бүтээлээ тасралтгүй хийгээд л гялалзаад, гялтганаад явж байна шүү дээ. Ээждээ ханьдаа, хөөрхөн охиндоо баярлалаа гэж хэлье.

- Цаашид уран бүтээлийн ямар төлөвлөгөө байна?

Нас залуу, хийх зүйл тоймгүй их байна. Маш их ажил төлөвлөсөн байгаа. Эхнээс нь ажиллаа амжуулаад л явна\инээв\.

- Энэ тоглолтоо толилуулсныхаа дараа 21 аймгаар тойрч тоглох уу?

Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоор тойрно гэж бодож байна. Дуунд дуртай ард түмэндээ хүрч ажиллахыг хичээж байна. Бас хилийн чандад уран бүтээлээ хүргэж, Солонгос улсад тоглохоор төлөвлөж байгаа. Тэндээс урилга ирсэн л дээ. Европын орнуудаас ч мөн санал их ирж байна. Ингээд л ажил ундраад л байна даа\инээв\.

- Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд нь амжилт хүсэе.

Баярлалаа. Бидний уран бүтээлийг хүүхдээ өлгийдөж авч байгаа юм шиг хайрлаж, баярлаж, тэвдэж, тэвэрч, тосч авдаг бүх сайхан сонсогчдодоо үнэхээр их баярлаж явдгаа танай сайтаар дамжуулан илэрхийлье. Өнөөдөр бидний өдий зэрэгтэй ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж, нэртэй хүндтэй яваа минь ард түмний минь ач тус. Үзэгч, сонсогч байхгүй бол өнөөдөр бид хэн ч биш. Энэ сайхан хайрынх нь хариуд хамгийн сайхан уран бүтээлийг гаргах ёстой гэж боддог. Тийм учраас бид хоёр хичээнгүйлэн ажиллаж байна. Тоглолтыг минь бүгдээрээ ирж үзээрэй. Мөн танай сайтын хамт олонд биднийг дэмжиж ажиллаж байгаад талархлаа.

Ярилцсан. М.Дайриймаа

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.