Манай даамчид дэлхийн аваргаас 1 алт, 1 мөнгөн медаль хүртлээ


Беларусын Гомель хотод 100 буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд болж өндөрдөрлөлөө. Тэмцээнд 15 орны 250 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улсын баг тамирчид нас бүрийн ангилалд оролцож алт, мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байрт шалгарлаа. Тэмцээний үндсэн төрлийн охидын 8-10 насны ангилалд Б.Есүй найм дахь өргийн дараах байдлаар тэргүүлж байсан ч сүүлийн өрөгт Беларусын тамирчин Любойд харамсалтайгаар хожигдон шагналт IV байр эзлэв. Түүнээс гадна охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн өрөгт БНХАУ-ын тамирчинг хожсон бол хүрэл медальд хүрэх байлаа. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, шагналт тавдугаар байрыг эзэллээ.



Тэмцээний үндсэн төрлийн есөн өргийн дараах дүн гарахад өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож, нийт 14 оноо авснаар мөнгөн медаль хүртсэн юм. Блиц буюу түргэвчилсэн төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Б.Есүй түрүүлсэн юм. Тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг хожигдон нийт 15 оноогоор блицийн дэлхийн аварга боллоо. Беларуст болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ээс ОХУ таван алт, найман мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Беларус, Нидерландын баг тамирчид удаалсан байна.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.