Монополь компаниудыг давраасаар байх уу...


Нөгөө “хаданд гарчихсан тэнгэрийн амьтан” гэдэг шиг хэдэн монополь компаниуд манайд хэд хэд бий. Тухайлбал “Мобиком” ХХК, “Юнивишн”, “Монголын цахилгаан холбоо” ХК, “УБТЗ” ХНН, “Юнител” , “ХААН БАНК” зэргийг дурдаж болох. Нийслэл төдийгүй монголын олон мянган хүмүүс эдгээр компаниудын салбараар үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл өдөр тутмынхаа зайлшгүй хэрэгцээг хангах үүднээс үйлчлүүлдэг гэсэн үг л дээ. Хэдийгээр эдгээр монополиудтай ижил үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд байдаг ч салбар нь цөөн, үйлчилгээний төрөл нь цөөн, хамрах хүрээ нь бага зэргээс болоод иргэд цөөн үйлчлүүлдэг. Харин манай нөгөө “акул”-ууд бол бүр “даам” гарчихсан “Эд манайхаас өөр хаашаа явдаг юм. Үйлчлүүлж л таараа ш дээ.” Гэсэн янзтай хүмүүстэй харьцдаг. Үйлчилгээний соёл гэж ёстой л “нойл” гэдгийг нь үүссэн оочер дарааллаас нь үйлчилгээний ажилтны зан харилцаанаас нь харж болно.  Гэвч хүмүүс загнуулаад л муу, муухайгаараа дуудуулаад л үйлчлүүлээд л байдаг. Тун ч хүлцэнгүй ард түмэн шүү дээ манай ард түмэн…

Мобиком корпораци үүрэн телефон холбооны үйлчилгээний зах зээлийн 38.35 хувийг дангаараа эзэлж байгаа бол суурин телефон холбооны зах зээлд Монголын цахилгаан холбоо хувьцаат компани 77.5 хувийг эзэлдэг. Харин “Хаан банк” 65 хувиар зах зээлд ноёрхдог байна. Тэгвэл Мобиком бусад үүрэн холбооны операторууд дундаа зах зээлд давамгайлдаг хэрнээ хамгийн өндөр үнэтэй, зарим тохиолдолд шударга бусаар үнэ тариф тогтоож, ярианы төлбөрөө илүү авдаг болоод удаж байна. Хаан банк мөн ялгаагүй, дансны гүйлгээний шимтгэл, баримтын төлбөр гээд бага багаар их мөнгө авч, иргэдийн халаасыг сэгсрээд сурчихсан. Хаан банкны АТМ ихэнх тохиолдолд гацдаг, карт залгидаг, мөн дансанд дахь мөнгийг нь сэмхэн авчхаад буцаагаад хийчихсэн тохиолдол ч гарч байсныг нуух юун. Түүнээс гадна кабелийн сувгуудтай холбоотой иргэдийн гомдол багагүй байдаг. Сансар, Ди Ди Эш мөн л монополь байдлаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж. Тэд хэрэглэгчидтэй ялгавартай үнээр гэрээ хийдэг, өндөр үнэтэй хирнээ хурд удаан гацдаг, үйлчилгээний төлбөрөө шударга бусаар нэмдэг гэх мэтийн зөрчил дутагдлууд ихээхэн гардаг. Гэвч манай иргэд үглэж, муулж, гомдолоод л үйлчлүүлээд байдаг. Бид тэднээс татгалзчихад л уг нь болчихмоор санагдах…

Монополь компани гэж хуулийн томьёоллоор…

Монополь болон давамгай байдалтай аж ахуй нэгжүүд нь  хуулийн зохицуулалттай. Хуулийн томьёолол нь нийгмийн зардал хамгийн бага байх боломжтой цор ганцаараа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг монополь аж ахуйн нэгж гэж тодорхойлдог. Давамгай байдалтай аж ахуйн нэгж гэдэг нь тухайн зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байгаа аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтай гэж үздэг. Өөрөөр хэлбэл тухайн зах зээлийн 100 хувь гэж үзвэл  30 хувиас дээш зах зээлийг эзэлж байгаа тэр аж ахуйн нэгж давамгай байдалтай аж ахуйн нэгж гэсэн үг юм.

Эдгээр аж ахуйн нэгж компаниудын эзэд нь бүгд төрд гарчихсан, нэг бол төрийн өндөр албан тушаалтантай холбоо сүлбээтэй байдаг. Тийм ч учраас тэд өөрсдөдөө тохирсон хууль баталдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Мэдээж тэднийг даврааж байгаа хүмүүс нь бид өөрсдөө. Шулуулаад, дарлуулаад бүр сурчихсан. Монголчуудыг Монополь эрхээрээ шулан, мөлжиж байгаа эдгээр аж ахуйн нэгжүүдээс бид татгалзаж, хувьсгал хийх цаг нэгэнт болсон санагдах…

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.