"Ж.Мөнхбат аа, миний дүү аятайхан байгаарай. Эвгүй асуулт асуувал, эвгүй хариулт өгнө шүү "


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар ширүүхэн маргалдаад авав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Намын дотоод асуудлыг гудамжны хэрүүл болгож байгааг би шүүмжилсэн юм. Энэ хүний барьж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлыг нь шүүмжилсний төлөө намайг намаас хөөсөн юм билээ. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөхөөс айхгүй. Нам бол намын даргын хувийн компани биш. Би үнэн үгээ хэлсээр байгаад дуусна. 2012 оны сонгуулийн өмнө Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн гишүүнийг намаас хөөж байсан. Та намайг өрөөндөө дуудаад "Тэднийг шүүрдэх жагсаал зохион байгуулаад өгөөч" гэхэд би поошиг нүдээд энэ хүмүүсийнх нь зургийг шатаагаад шүүрдээд  явж байсан. Үүний үр дүнд МАН хоёр хуваагдаж, гудамжинд гарсан.

Өвлийн хүйтэнд хоолойгоо сөөтөл жагсаж, ажилчдынхаа цалинг нэмэж чадахгүй намынхаа байшинг хураалгаад явж байхад У.Хүрэлсүх дарга Австралид далайн эрэг дээр байж байсан. Ингээд таныг дуудаж авчраад Шадар сайд болгосон. Дараа нь ахиад Шадар сайд болгосон. Гэтэл та өнөөдөр дахиад намаа хагаллаа. Шударга үг хэлж, намын дотоод ардчилалыг бий болгосны төлөө намаас намайг хөөж байна. 2020 онд нам ялагдахад та дахиад гадаад руу зугтаад явах уу. Та Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх үү.  2016 онд Хэнтийд нэр дэвшчих гэсэн чинь "Тэнд юу ч хийгээгүй" гээд зугатсан. Өнөөдөр намдаа ялалт авчирсан нөхдөө намаасаа хөөж байна. Ардын нам ялахад та ганц ч суудал авчирж чадаагүй. Нөхдийнхөө авчирсан ялалтаар та намын дарга , Ерөнхий сайд болчихоод ширээ шаагаад сууж байна. 

Үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Би 1990 оноос хойш энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураг ч үгүй байсан. Энэ намыг 40-50 мянган гишүүнтэй болгосон. Намын түүхийн талаар чи надтай яриад хэрэггүй. Чи намайг Австралиас авчирсан юм биш. Би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг юм яриад хэрэггүй. Хүний сайхан тусыг битгий мартаарай. Чи дандаа буруу мэдээлэл өгдөг шүү. "Миний зөвлөхийг тархи толгойг нь хага цохичихлоо" гэж яриад байсан. Танай зөвлөх ах дүү нартайгаа архидаж байгаад л зодуулсан юм байна лээ.

Чамайг намаас хөөгөөгүй. Намаас хөөх асуудлыг Хяналтын зөвлөл шийддэг. Харин намаас хасах хүмүүсийн нэрийг би гаргана. Би удахгүй нэрс гаргана гэдгээ хэлчихье. Манай нам Ардын нам болохоос авлигалчдын нам биш. Би намдаа их цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө 2020 оны сонгуульд ялагдана л биз. Би ялж, ялагдаж үзсэн хүн. Миний сонгуульд нэр дэвших үгүйг намын олон түмэн, Бага хуралд шийднэ. Сонгуулиас айдаг жижиг хүн биш. Зөндөө олон удаа сонгуульд оролцлоо. Дүү хүү, аятайхан байгаарай, өөрийгөө мэдэж яриарай. Чи баялаг түүхтэй хүн шүү. Чиний талаар ярих юм байгаа шүү. Ах хүний хувьд тэсээд байгаа шүү. Эвгүй асуулт асуувал, эвгүй хариулт өгнө шүү.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.