Алга болсон иргэнийг эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтжээ


Маргааш /2018.12.04/ баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 4-нд зарим газраар, 5, 6-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

Хүчтэй салхи, шуурганы улмаас Ховд, Увс аймагт бямба гаригт /2018.12.01/ Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, салхи 24 м/с хүрсний улмаас Ховд аймгийн Мөнххайрхан суманд гурван айлын гэр,  Увс аймгийн Бөхмөрөн суманд нэг айлын гэр нурсан, 1 айлын 1600 орчим бог мал уруудаж алга болсон. Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 5 хүн, 1 автомашинтай шуурганд уруудсан малыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1520 малыг олсон тухай  мэдээллийг  ням гаригийн /2018.12.02/ 23.00 цагт Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

Гал түймрийн хувьд Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 18:45 цагт  очиж 55 минут  ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 20:39 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 20:45 цагт очиж, мөн нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 21:07 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14.5 км зам туулан 21:18 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Морь бариа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ иргэн А-гийн эзэмшлийн “Элентра” загварын суудлын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 02:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Зам, тээврийн осол:

Автозамын осолДундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Самбартай” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ Дундговь аймгийн Гурвансайхан сум-Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Волво” загварын ачааны автомашин онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 12.02-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /41 настай, эрэгтэй/, Э /17 настай, эрэгтэй/ нарыг иргэд Дэлгэрцогт сумын хүн эмнэлэгт хүргэсэн, 12:30 цагт иргэн П /22 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн “Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн “Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.