Орон нутагт хаагдсан зам, даваа байхгүй гэлээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж, шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим замын зорчих хэсэг нарийссан тул хөдөө орон нутгийн тэр дундаа баруун аймгуудын замыг хэсэгчлэн хаагаад байсан юм. Өнөөдрийн байдлаар хаасан замуудыг нээжээ.

Энэ талаар тээврийн цагдаагийн албанаас "цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор баруун аймгуудын замыг хаасан ч буцаагаад нээсэн. Одоогоор орон нутгийн замд хаалттай зам, даваа байхгүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа" хэмээн мэдэгджээ.

Мөн бид орон нутгийн зарим хэсэгт цас орж, шуурч байгаатай холбогдуулан зам, даваа гүвээ ямар байгаа талаар тодрууллаа. Авто тээврийн газраас бидэнд өгсөн мэдээллээр, “Одоогийн байдлаар орон нутагт хаагдсан зам, даваа гүвээ байхгүй. Энэ долоо хоногт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй замын хүндрэл гарахгүй гэсэн урьдчилсан мэдээ бий. Нойтон цас орж халтиргаа гулгаа үүссэн байж болзошгүй тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна” гэсэн юм.

Түүнчлэн онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг онцын шаардлагагүй бол орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй шаардлагаар замд гарах бол дулаан хувцаслах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, шатах тослох материал, шатахууны нөөцтэй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг зөвлөжээ.

Мэдээ.мн

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.