Ж.Гончигсүрэн: Урвуулагч хэмээх гахай жилд төрийн хууль цааз чангарна


"Урвуулагч" хэмээх шарагчин гахай жил зургаан естэй айлсан Монгол оронд ирж байна. Дэлхий дэлгэрэх сар буюу хаврын тэргүүн сарыг монгол түмэн сар шинийн баяр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тиймээс энэ баярын босгон дээр Монгол зурхайн ухааны томоохон төлөөлөгчдийн нэг болох “Түвдэнпэлжээлийн” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн гуайтай уулзсанаа уншигч танд хүргэе. 

-Сайхан өвөлжиж байна уу. Урилгыг маань хүлээж авсан танд гялайлаа...

Сайхан. Та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Цагаан сар болох гээд ах нь нэлээд л ажилтай явна даа.

Харин тийм байх шиг байна. Энэ их ажлын хажуугаар цаг зав гаргасан танд баярлалаа. Хүмүүс зурхайч Л.Тэрбиш гуай та хоёрыг зурхайн ухааныг жинхэнэ ном ёсоор нь авч яваа гэж ярьдаг юм билээ?

Гялайлаа. Л.Тэрбиш бид хоёр сайн багш нарыг байх үед Монголын зурхайн ухааныг сайтар судалж, сурч, заалгаж байсан юм. Биднийг сурч байх үед их эрдэм боловсролтой зурхайчид маш цөөхөн үлдсэн байсан л даа. Тэдгээр хүмүүс 1970-1980 оны үед амьдарч байлаа. Урьдын сайхан ерөөлөөр багштайгаа учирч өөрийн мэдлэг боловсролынхоо хүрээнд мэдэж авах зүйлээ өөртөө үлдээж чадсан гэж боддог. Энэ сайхан ухааныг нь тасалчихгүй юмсан гэж үргэлж бодож явдаг даа. Мэдээж мэдэж авсан зүйлээ ард түмэндээ ойлгуулж, мэдүүлэх гэж зорьж, хичээж явна. Хүн ер нь аливаа зүйлийг төгс эзэмшинэ гэж байдаггүй юм байна. Тиймээс би тийм  ч айхтар эрдэм боловсролтой төгс эзэмшсэн хүн биш л дээ. Яахвэ, өөрийнхөө мэдэж буй багахан зүйлийг таслалгүй залгуудлаад дараагийн үедээ өвлүүлж үлдээх гэсэн хүсэл зорилготой л яваа энгийн номын хүн дээ. Миний хувьд 1983 оноос эхлэн багшийгаа дагаж цаг тооны бичгийг судалж эхэлсэн. Монгол зурхайн ухаан гэдэг нь тооцоолон бодох арга,  цагын хүрдний онол зэрэг зүйлүүд багтдаг. Цагын хүрдний онолд гадаад, дотоод гэж бий. Гадаад цагийн хүрд гэдэг нь нар, сар од гаригсийн хөдөлгөөнөөр байгаль дэлхийд ямар үр дүн нөлөөлөл байдгыг судалдаг ухаан бол зурхай юм. Харин дотоод цагийн хүрд гэдэг нь хүний бие, сэтгэл таван махьбодийн онолоор энэ хүн энэ жилдээ ямар байх вэ гэдгийг судалж чаддаг агуу ухааны нэг салбар юм. 

-Айлчлан ирж буй "Урвуулагч" хэмээх гахай жил зурхайн зурлагад хэрхэн бууж байх юм. Ирэх жилийн өнгө, ноён нуруу ямар байх төлөвтэй байна вэ?

Шарагчин гахай жилийн тухайд цагалбарт дурдсанаар хур бороо элбэгтэй өвс ногоотой ихтэй сайхан жил гарахаар байна. Ер нь жилийн өнгө ямар байх вэ гэдэг нь Монголын бүх ард түмнээс шалтгаална. Ганцхан хүнээс шалтгаалахгүй шүү дээ. Хүний бие, хэл, сэтгэлээр хийсэн үйлээсээ шалтгаалж, байгаль дэлхий хүртэл бас араншингаа үзүүлдэг. Тийм учраас бүгдээрээ хэлж байгаа үг, хийж буй үйлдээ хянамгай хандаарай. Үхэр зурлагын байцыг харахад өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн гэсэн байна. Мөн хүйтэн болон бадган өвчин дэлгэрнэ. Улс эх орноороо ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарч болзошгүй. Төрийн хууль цааз чангарна гэсэн ерөнхий зураг гарчээ.

- Гахай жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засалтай байгаа вэ?

Зурхайн ёсонд мэнгэ голлох, суудал өнцөгдөх, наш дүрсэмдэх буюу гурван жил дараалж орж байгаа хүмүүс онцгойлон засал хийлгэдэг. Мөн гахай жилтэй хүн бүр ижил засалтай байдаггүй. Бүр хоёр ихэр хүн хүртэл өөр өөрийн хувь заяатай төрдөг. Яагаад гэвэл төрсөн цагийн зөрүүгээр өөр өөр байдаг. Тэгэхээр хүн бүрийн хувьд 24 улирал, 30 хоног, шүтэн барилдлага, есөн мэнгэ нь өөр өөр байдаг юм. Тиймээс хувь хүн бүр өөрийнхөө заслыг харж байгаад тохирсон заслаа хийлгээрэй. Жилийн заслын хувьд хүн бүрийн насны суудлууд нь өөр байдаг учраас өөрийн заслаа хийлгэнэ. Ер нь байгаль дэлхийн од эрхэс хүмүүний амьдралд үргэлж нөлөөлж байдаг. Гэхдээ жилийн  заслаа заавал хий гэсэн үг биш. Хүн өөрийн болон бусдын төлөө сүсгээрээ заслаа хийлгэвэл сайн. Мухар сүсгээрээ биш учир шалтгааны үүднээс засал номоо хийлгэвэл зохистой.

- Хүмүүс “Цагаан сар”-аар хийморио сэргээнэ гээд овоо тахилгад гардаг. Энэ ер нь хэр зөв үйлдэл вэ?

Цагаан сар бол Монгол түмний уламжлалт их баяр шүү дээ. Шинийн нэгэнд овоон дээр гарахдаа бид бүхэн урьд жилийнхээ хийсэн бүтээсэн зүйлээ багцалж дүгнэдэг. Мөн манай ах дүү хамаатан саданд ийм хүмүүс нэмэгдлээ, бидэнд ийм хагацал тохиолдлоо хэмээн тэнгэр бурхандаа айлтгаж, баяр жаргалаа тайлж байгаа явдал юм. Мөн цаашдаа ямар амжилтанд хүрэх вэ, энэ жилдээ яаж явах вэ, байгаль эх, цаг уурын хорлолд өртөхгүй байх тулд дөрвөн зүг найман зовхисийнхоо зүг мөр цээрээ гаргаж байгаа илрэл юм. Монголчууд эрт дээр үеэсээ л морины уяа, эсвэл гэрийнхээ ойролцоох овоон дээрээс мөрөө гаргадаг байсан уламжлалтай ард түмэн шүү дээ. Овгын ахлагч юм уу гэрийн эзэн ач үрсээ дагуулаад мөрөө гаргадаг, овоо тахилгад гарч тэнгэр бурхандаа  идээ будааныхаа дээжийг өргөдөг, зорьсон зорилгоо даатгадаг ёс үеийн үе дамжин ирсэн. Тийм учраас энэ бол туйлын зөв үйл юм.

Одоо бөөгийн шашинд итгэдэг хүн байхгүй болсон...

- Эмэгтэй хүнийг овоон дээр гарахыг цээрлэдэг. Уг нь хүн бүр л эхээс төрдөг. Заавал ингэж хүйсээр нь ялгах ёс, дэг байдаг юм уу?

Эрэгтэй, эмэгтэй гэж ялгах шаардлаггүй. Цаг үе маань өөр болчихсон байна. Хүмүүс ийш тийшээ их явдаг болчихсон. Арван зүгтээ, ажил амьдралынхаа төлөө их явж байна шүү дээ. Мөрөө гаргаж уул ус, тэнгэр бурхандаа залбирч байгаа хүнийг буруутгах ёсгүй л дээ. Үйл гэдэг бол сэтгэлээрээ хийдэг, үйлддэг зүйл юм. Мөн биеэрээ, хэлээрээ, сэтгэлээрээ хийж байгаа зүйл л дээ. Энийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Муу зүйлийнхээ цээрийг гаргаж байхад “чи эмэгтэй хүн болохгүй” гэж болохгүй биз дээ.

- Зарим нэгэн календарь дээр бүхэл бүтэн нэг өдөр нь байхгүй, эсвэл хоёр шинийн нэгэн нэг өдөр давхацсан байдаг. Уг нь ертөнцийн дөрө, хоногийн зүй тогтолыг өөрчилж болмооргүй л санагдах...

Энэ бол тооцооллын бодлын онол явагдаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл од зүйн онол буруу байгаатай холбоотой. Нэг одны орд цаг хугацаандаа амжаад гарж байна уу, амжиж гарахгүй байна уу гэдгийг хэлнэ. Нэг одны орд байлаа гэж үзэхэд  үргэлжлэх хугацаа нь дотроо явагддаг. Энэ нь гарч нэг болдог, гарч амжихгүй үлдэж, өнжих тохиолдол бас байдаг. Амьхандаа тэрийг л хэлээд байгаа ухаантай юм.

- Цагаан сарын шинийн өдрүүдээс гадна Битүүлэх ёс гэж маш арвин ухагдахууныг багтаасан ёс бий. Энэ ёсны талаар ярьвал.

Цагаан сарын урд өдрийг битүүн гэж нэрлээд байгаа юм. Энэ өдөр айл өрх гэр орноо бүрэн гүйцэд цэвэрлэсэн, идээ будаагаа бүгдийг нь бэлтгэж базаасан байдаг. Түүнээс биш битүүлнэ гэхээр тийм хоол иднэ, идэж болохгүй гэсэн зүйл байдаггүй. Юу байна түүгээрээ л зочилж, дайлах хэрэгтэй. Битүүнд хийдүүд Лхам хурдаг. Учир нь, энэ өдөр Лхам бурхан 3000 ертөнцөөр айл бүгдэд зочилдог гэсэн уламжлалтай юм. Тиймээс битүүний орой айлууд Лхам бурхны унаанд зориулан ундаа гэж үүдэндээ мөс цас тавьдаг уламжлал бий. Дээхнэ үед битүүлгийн идээ гээд айлууд хоорондоо солилцдог байсан. Одоо ч гэсэн энэ заншил үргэлжилж л байгаа.

- Мөр гаргах ёсыг үйлдэхдээ анхаарвал зохих зүйлүүдийг нь дурьдвал.

Бие сэтгэлийнхээ үйлийг шингээж сайхан ерөөл тавих хэрэгтэй. “Би ямар ч амьтанд хорлол хүргэхгүй” гэсэн сэтгэлийг бодож мөрөө гаргах хэрэгтэй. Дандаа гэгээлэг зүйлийг бодож оюундаа шингээж өгөх хэрэгтэй. Иймээс ерөөл гуйж байгаа хүн бүхэнд маш сайн.

- Зарим хүмүүс заслыг Сар шинийн нэгэн болохоос урьдаж хийлгэвэл сайн гэх билээ. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

Энэ их учиртай онолын ухаан юм. Наваа, шаваа, түшиг жил орох, мэнгэ голлох, суудал      өнцөгдөх гээд олон заслууд байдаг. Энэ нь тухайн хүний суудлаасаа хамаарч зарим нь урьдчилж засалаа хийдэг юм. Мөн зарим нь цагаан сараас хойш ч засалаа хийлгэдэг. 

Сүүлийн үед сүм, хийдийн санхүүжилтийн асуудал олны анхаарлыг нэлээд татах болж. Нууц биш бол танай хийдийн санхүүжилтйиг сонирхож болох уу?

Сүсэгтэн олны хандив, тусламж, өөрийн байгууллагын үйл ажиллагаа гэх мэтчилэн зүйлүүдээс санхүүждэг. Би бас календарь хийж зардаг. Үүнээсээ бага ч гэсэн орлого олчихдог. Ер нь бол байгууллага ямар байдаг, тэр жишгээр л үйл ажиллагаагаа явуулдаг даа. Би лам нарынхаа нийгмийн даатгалыг төлдөг. Мөн тог цахилгаан, газрын төлбөрөө хийнэ. Нэг иймэрхүү л зарчмаар явдаг даа.

Заслын номонд хийдүүд ихэвчилэн тариф тогтоосон байдаг. Гэтэл хүнд буян болох үйлийг мөнгөөр хийх нь буруу гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг юм шиг.

Өглөг гэдэг зүйлийг хүмүүс ойлгодоггүй л дээ. Энэ хийд оршин тогтноход сүсэгтэн олны дэмжлэггүйгээр мэдээж цаашаа явахгүй нь ойлгомжтой. Тухайн хүнийг заавал өглөг өг гэж шаарддаггүй. Тухайн хүний сэтгэлийн асуудал байдаг. Ямар ч байгуулага санхүү, мөнгөгүйгээр цаашаа явахгүй шүү дээ. Сүм, хийдүүд ч  түүнтэй яг ижилхэн.

- Нээрээ бүдүүлэгхэн хэлэхэд та нарыг ажилгүй болгох шахаж байгаа хүмүүс бол бөө нар. Орчин үед бараг айл бүр л нэг бөө хүнтэй болж л дээ. Бөөгийн шашны талаар таны бодолыг сонсмоор санагдлаа даа?

Монголчууд далдын хүчинд итгэхээ болиод удаж байна. Ямар нэгэн боловсролыг багаас нь эхэлдэг. Эхлээд цагаан толгой үсгээ үзээд эхэлдэг шиг бурхны шашин ч ялгаагүй  юм. Түүнээс далдаас шууд нөлөөлдөг юм  гэж байхгүй. Ямарваа нэгэн зүйлийн учир шалтгаан шинжилж үзэж байж хариу дүгнэлтэд хүрдэг. Одоо ихэнх хүмүүс бөөгийн шашинд итгэхээ больчихсон. Хүн бурхан боллоо гэж бодоход бөө, лалын шашин, христийн шашны хүн талийгч болсон хүний хойдохыг уншиж, засаж мэдэхгүй шүү дээ. Хүмүүс зөвхөн бурхны шашинд л ханддаг.

- Монголчууддаа хандаж хэлэх таны ерөөлийн үгээр ярилцагаа өндөрлөх үү?

За тэгэе. Морилон ирж байгаа Гахай жилдээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрөлөөрөө төвшин амгалан байж, эв эеийг эрхэмлэн, урт настай, удаан жаргалтай, санасан ажил тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Таньд гялайлаа. Номын цагаан буян тань дэлгэрэх болтугай...

                                                                                                Ярилцсан: М.Дайриймаа

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.