Ном унших соёлыг түгээх тохилог танхим Сонгинохайрхан дүүрэгт үүдээ нээлээ


Өнөөдөр /2019.01.29/ Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан шинээр үйл ажиллагаагаа нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй номын санг шинэчлэн засварлах, номын фонд шинэчлэх, шинээр уншлагын танхим байгуулах, номын сангийн системийг цахим болгох зэрэг тодорхой заалтууд тусгагдсан. Энэхүү заалтын хэрэгжилт болон биелэлт амжилттай байгаагийн тод жишээ нь тус номын санг шинэчлэн засварлаж, уншигчид тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна” хэмээн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцлов.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд номын сангуудын үйл ажиллагааг чанаржуулах ажилд 2018 онд 500 сая төгрөгийг төсөвлөсний дагуу эхнээсээ ийнхүү ажил хэрэг болж хэрэгжиж байна. Хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлж, тэдний чөлөөт цагаа зөв соёлтой өнгөрүүлэх орчин нэгээр нэмэгдсэнд баяртай байна” гэв.

Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгино-Хайрхан дүүрэг дэх салбар номын сан нь 1991 онд ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн засвар огт хийж байгаагүй. Номыг хадгалах орчин нөхцөл хэвийн бус, уншигчид тав тухгүй орчинд үйлчлүүлдэг байсан тухай номын сангийн ажилтнууд хэлж байлаа. “Хүүхэд залуучууд, олон нийтийг номын сангаар үйлчлүүлж ном уншаарай гэж  урихад үнэхээр хүндрэлтэй байсан ч одоо энэхүү тохилог танхим нээгдсэний дараа хүн бүхнийг ирж үйлчлүүлэн, ном унших соёлыг дэлгэрүүлээсэй хэмээн хүсэж байна” гэж Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.