Б.Отгонзориг: Монгол кинонд төрийн бодлого дутагдаад байна


“Улаанбаатарфильм" медиа группийн найруулагч Б.Отгонзоригийг /СТА/ энэ удаагийн зочин хойморт онцлон ярилцлаа. Түүний шинэхэн уран бүтээл болох Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино эх орончдын өдрөөр буюу ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ.  Тэрбээр уг киноны ерөнхий найруулагчаар нь ажилласан юм.

-  Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

  Сайн байна уу?

2000 түүхэн уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээн том ажлын ард гарч чадсан танд болон баг хамт олонд баяр хүргэе.

Маш их баярлалаа.

-Улиастайн 2000 цэргийн бослогын тухай уг түүхийг кино зохиол болгон СГЗ П.Батсайхан гуай бичиж, таньд энэхүү саналыг тависан юм билээ.

- Тийм ээ. 2000 уран сайхны киноны найруулагчаар ажиллах боломжийг олгож  залуу үедээ итгэл найдвар хүлээлгэсэн хүн бол уг киноны зохиолч, ерөнхий продюсер П.Батсайхан /СГЗ/ юм. Тэр хүний хийсэн бүтээсэн нь маш их бөгөөд эгэл даруухан нутаг усандаа амьдарч суудаг сайхан буурал бий. Тийм учраас юуны түрүүнд “Улаанбаатарфильм”-ийн залуусынхаа өмнөөс нийт кино багынхаа өмнөөс баярлаж байгаагаа хүргэмээр байна.

-  Кино зургыг хэр их удаан хугацаанд авсан бэ?

Киноны ажил өнгөрсөн жилийн гурван сараас эхэлсэн л дээ. Завхан аймгийн Улиастай хотод очсоноор бид киноныхоо ажилд ханцуй шамлан орсон. Зуны гурван сар хөдөө натурт зурагаа авсан. Сүүлийн зургыг Амарбаясгалант хийдэд нэг сар гаруй хугацаанд авсан. Ерөнхийдөө зураг авалт эхлэхтэй зэрэгцэн эвлүүлгийн ажил эхлээд явсан. Киноны зураг дуусахад монтажны 60-70 хувь бараг дууссан байсан л даа. Манай кинонд нийт 300-400 хүн оролцсон юм . Одоо хийсэн зүйлээ үзэгчиддээ үнэлүүлэх л үлдлээ.

-  Олон түүхүүд дотроос та яагаад Улиастайн 2000 цэргийн бослогыг сонгосон юм бэ?

Өнгөрсөн үеийн олон баялаг сайхан түүхүүд байдаг. Тэр дотроос улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан хүмүүсийн түүхүүд их бий.“2000” уран сайхны кино нь Манжийн үеийн бусад уран сайхны кинонуудаас ялгаатай нь дайн тулаанаас илүүтэйгээр тухайн үеийн хүмүүсийн амьдрал, ахуйг харуулсан драм жанр голчилсон туульсын уран сайхны кино гэдгийг онцолмоор байна. 2000 УСК нь 1880 онд болсон цэрэг Онолтын бослогыг 1900 онд болсон цэрэг Энхтайвнаар ахлуулсан цэргийн бослоготой нэгтгэж нэг кино болгосон нь “түүхээс сэдэвлэн бүтээсэн” уран сайхны кино болгож байгаа юм. Манж Чин улсын эрхшээлд 200 жил харьяалагдсан монголчуудын эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэг том хэсэг нь Улиастайн 2000 цэргийн бослого юм. Цэрэгт дайчлагдах нэрээр дарлагдаж байсан 2000 цэрэг эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө бослого гаргасан тухай түүхийг өнөөгийн нийгмийн залуус төдийлөн мэдэхгүй. Тэгвэл бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү уран сайхны киногоор дамжуулан хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, багцалсан сум мэт эв нэгдэл хэзээд хэрэгтэйг сануулж байна.

"УЛИАСТАЙН “2000” ЦЭРГИЙН БОСЛОГО НЬ МАНЖИЙН ЭСРЭГ БОССОН АНХНЫ БОСЛОГО ЮМ"

Улиастайн “2000” цэргийн бослого бол манжийн эсрэг боссон анхны бослого гэж хэлж болно. Яг үнэндээ энэхүү бослого нь  хоолноос болж боссон гэдэг ч цаад далайцаараа өөр бодлого агуулагдаж байсан . Тухайн үед эрэгтэй хүүхэд төрвөл цэрэгт дайчилж, цэргүүдийг хоол хүнсээр дутаан дарамталж, хатуу чанга гарт барин, эсэргүүцсэн хүн бүрийг 9 эрүү шүүлтээр шүүх, пүүсүүд монголчуудыг их өрөнд унагаах зэргээр бодлгоор дарлаж байсан гэдэг. Энэ улс орны эрчүүд чинь цэрэгт яваад өгөхөөр хүн амын өсөлт зогсоно. Үлдсэн хэд нь лам болгочихдог. Лам болсон хүн сахилдаа үнэнч байх ёстойг шаарддаг. Зодож нүдээд алж хядаад дарамт шахалт үзүүлээд байгаагүй ч чимээгүй тахал гэдэг шиг биднийг алгуур мөхөөх гэсэн манжийн бодлого үнэхээр аймшигтай. Монголчууд бид хоорондоо эвтэй найртай нэгнийгээ дэмжээд нэгдэж чадвал юунаас ч хүчтэй гэдгийг л киногоороо дамжуулж харуулахыг зорьсон. 

2000 цэргийн бослогонд нутгийн гэмгүй иргэд их өртөж байсан гэдэг. Энэ талаар та кинондоо харуулсан уу?

Мэдээж оролгүй яахав. Кино нээгээгүй байгаа учраас нууц хэвээр үлдээсэн нь дээр байх\инээв\.

Таны найруулсан хамгийн анхны түүхэн кино боллоо шүү дээ. Мэдээж бэрхшээлтэй зүйл их байсан байх.

Тийм ээ. Би анх удаа түүхэн кино найруулж үзлээ. Мэдээж бэрхшээлтэй зүйл байлгүй яахав. Киноны үйлдвэрлэл гэдэг түүхэн ч бай уран сайхны ч бай бүгд л адилхан бүтдэг. Гэхдээ түүхэн кино нь хэд дахин илүү техник хэд дахин илүү хүн хүч уран бүтээлчид оролцдог юм байна. Олон хүнтэй нэгдэж ажиллана гэдэг бол бас л хэцүү байдгийг ойлгож авлаа. Түүхэн киноны хамгийн их ярвигтай зүйл нь судалгаа байдаг юм байна.  Хамгийн гол нь түүхээ гуйвуулахгүйгээр  уран сайхны шийдлүүдийг оруулж өгөхийг хичээлээ дээ. Тухайн үед Улайстайн амбаныг ард иргэд нь гаргаж өгсөн байдаг юм билээ. Үүнийг кинондоо маш сонин шийдлээр оруулж өгсөн л дөө. Хүмүүс ирж үзээд зангилааг нь тайлах биз ээ.

-  Монголын сор болсон бүхий л жүжигчид танай кинонд тоглосон байна лээ. Тэдний дунд нэгэн содон хүн байсан нь хийлч Дээгий юм. Дүрүүдын сонголтыг яаж хийсэн бэ?

Би өөрөө жүжигчдийнхээ сонголтыг хийсэн л дээ. Хамгийн анх жүжигчин, СТА Б.Анхнямыг Нарангуа гээд дүр дээр ажлуулая гэж бодож байсан юм л даа. Гэвч манай продессорууд нэг шинэ зүйл оруулж ирэхийг санал болгосон юм. Тэр нь хийлч Дээгийг сонгосон явдал байлаа. Энэ нь маш зөв сонголт байсан гэдгийг кино зураг дууссан хойно мэдлээ. Дээгийгийн хувьд хамгийн анхны дүр нь болсон байх. Өөрөө ч хичээж ажилласан. Сайн ажиллаж намайг гайхшруулж чадсан шүү.

-  Энэ дүр хийлч Дээгийд яг тохирсон дүр байж л дээ.

Тийм ээ. Зан характерийн хувьд их ижилхэн дүр. Дээгийг хэр тоглосоныг үзэгч түмэн маань киногоо үзээд дүнгээ тавих байх аа. Мөн хоёр мэргэжлийн бус хүн гол дүрд тоглосон. Дулам гээд дүрд Н.Мөнхтуяа гэх үсчин охиныг ажиллуулсан. Их мэдрэмжтэй монгол төрхтэй охин. Мөн жүжигчин Ц.Цэрэнболдын эхнэр нэг жижиг дүр бүтээсэн байгаа. Давгүй тоглосон шүү.

“ОДОО Л БИД БАГЦАЛСАН СУМ ШИГ НЭГДЭХГҮЙ БОЛ ХОЖИМ ХОЙНО ЦУСААР УЙЛСАН Ч БАГАДНА”

Эдүгээ Улиастайн “2000” цэргийн бослогыг битгий хэл Жанчхүгийн давааны тулаан хүртэл Монголчуудын ой санамжаас аажим аажмаар арчигдаж эхэлсэн байна. Зарим залуучууд Улиастайн 2000 цэргийн бослогыг талаар мэдэх ч үгүй юм билээ. Нөгөө талаасаа энэ түүхийн талаар эх сурвалж муу, хүмүүст хүрсэн уран бүтээлүүд байдаггүй болоод мэддэггүй юм болов уу?

Тийм шүү. Бид манжийн эрхшээлд 200-аад жил байсан улс юм чинь тэр үеийн тухай сэдэвтэй кинонууд олон төрөх нь ойлгомжтой л доо. Ирээдүй хойч залуустаа түүхээ өвлүүлэн үлдээхийн тулд дэлгэцэнд мөнхлөн хэрэгтэй юм болов уу. Энэ үйлсэд өөрийн биеэр хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Манай “2000”  УСК зөндөө л хэл ам дагуулах байх. Тэр үед амьдарч байсан юм шиг ярьдаг хүмүүс их гарч ирж шүүмжлэх байх л даа. Ахин дурьдхад 2000 УСК нь түүхээс сэдэв авсан уран сайхны кино гэдгийг л давтан хэлмээр байна.

Өвөр Монголын “Nomadic” кино компанийн хамт олонтой хамтарч ажилласан гэж байсан. Энэ тухайд яривал?

Өвөрмонголын “Номадик” кино хамт олонтой хамтарч ажиллаа. Г.Шагдар гэж уг компаний захирал продюсер найруулагч хүн байгаа. Аравт уран сайхны киноны найруулагч продессороор ажиллаж байсан хүн. Өвөрмонголдоо их нэр хүндтэй юм билээ

2000 уран сайхны киног гадаадын кино наадамд сойх бодол бий юу?

Өргөө кино театр саяхан шинэ дүрэм гаргасан байна. Тэр нь маш их таалагдлаа. Олон улсын стандартын дагуух 5.1 дуугаралт болон өнгө чанарыг шаардсан байгаа юм. Энэ нь их зөв зүйл. Монголын кино дэлхийн тавцанд гарахад нэг алхам ойртож байна гэсэн үг. Нөгөөтээгүүр киноны чанар, стандартыг сайжруулах нэг дэвшилт болж байгаа юм л даа. Монголын киночид бид техникийн үзүүлэлтийн хувьд чанарын стандартад нийцсэн уран бүтээл хийцэн байхад дэлхийн хаана ч өрсөлдөх боломжтой шүү дээ. Гадаадын кино наадмуудад өрсөлдөх бэлтгэлээ одооноос эхлэн хийж байна.

     “МОНГОЛ КИНО ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРАХАД ОЙРХОН БАЙНА”

-   Монголын киноны салбарын хөгжил дэлхийн жишигтэй харьцуулахад ямар шатанд яваа вэ?

Дэлхийн түвшинд харьцуулбал нэлээн дээгүүр явж байгаа л гэж хардаг. Яагаад гэвэл бид бүх саад бэрхшээлийг даваад хийхгүй биш хийгээд яваад байгаа нь том ололт юм. Бидэнд мөнгө санхүүгийн асуудал гардаг ч тасралтгүй уран бүтээлээ туурвисаар л байна. Энэ дундаас сайн муу олон зүйл гарна. Монгол кино төд удалгүй дэлхийн тавцанд гарна гэдэгт би итгэдэг. Төр засаг кино урлагаа анхаарч анхаарч нарийн бодлого барьж ажиллах ёстой гэж боддог. Монголын кинонд авьяастай залуучууд олон байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд гадаадад их дээд сургууль төгссөн боловсон хүчин их ирж байна. Бүхий л нөөц боломж нь байна. Төр засгийн дэмжлэг л хэрэгтэй байгаа юм. Үнэхээр кино урлагийг сайн хөгжүүлж чадвал уул уурхайгаас илүү ашиг олох боломжтой. Манайд асар их баялаг түүх соёл, газар нутаг, байна шүү дээ.

Таны бодлоор ямар киног сайн кино гэх вэ?

Сайн продюсер Сайн зохиол, сайн техник технологи сайн баг байхад л сайн кино бий болно доо. Кино урлаг өөрөө хамтын бүтээл шүү дээ.

“МОНГОЛ КИНОНД ТӨРИЙН БОДЛОГО ДУТАГДААД БАЙНА”

Та магадгүй дахин түүхэн кино хийх үү...

Мэдээж хийлгүй яахав. Одоохондоо“2000” түүхэн УСК киноны ерөнхий продессор П.Батсайхан ах бид Дилов хутагтын түүхээр кино хийхээр төлөвлөж байна. Удахгүй энэ ажилдаа орно.

-Та найруулагч мэргэжлээр КУДС-ийг төгссөн. Гэвч сургуулиа төгсөөд тасралтгүй зураглаачаар ажиллаа. Энэ хугацаанд олон арван уран бүтээлд ажилласан байна. Ингэж явсаар анх 2016 оноос эхлээд кино найруулж эхэлсэн шүү дээ. Яагаад энэ олон жил найруулагчийн ажиллаа орхигдуулсан нь сонин санагдаж байна л даа.

Сургууль төгсөөд найруулагч болчихно гэдэг бол миний хувьд байж боломжгүй зүйл мэт санагдсан. Кино урлаг онол практик хослуулах хэрэгтэй. Монголын томоохон найруулагчидтай хамтран олон кино хийсэн. Мөн эдгээр хүмүүсээс их зүйл сурч мэдсэн дээ. Түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх гээд л хичээж явна. Миний анхны найруулсан "Шүүдэр дундуур" УСК киног дэлгэцэнд амилуулахад “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М. Зоригт ах продюсерлэж их том боломж олгосон юм. Монголын кино урлагт ямар ч эсрэг дүр байхгүй кино хийсэн нь “Шүүдэр дундуур” УСК юм.

Эх орон, эрх чөлөөний төлөөх тэмцлийг эргэн сануулж сануулж байгаад танд талархмаар байна. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

Ярилцсан М.Дайриймаа

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Mongol 2019 02 сар 23

Amjilt