’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ эрдэм шинжилгээний бага хурлаас...


Казах түмний үндэсний баяр болох Олон Улсын “НАУРЫЗ”-ын баярыг угтсан томоохон арга хэмжээнүүд шил дараалан зохион байгуулагдаж байгаа билээ. Тэдгээр том арга хэмжээнүүдийн нэг болох "НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ-БҮРГЭДИЙН БАЯР 2019" арга хэмжээ Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2019 оны 03 сарын 3,4-нд хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.

Гадаад дотоодын жуулчид,үзэгч сонирхогчдод хэдийнээ танил болж тэдний хүсэн  хүлээдэг ”Бүргэдийн баяр” өнөө жил Монгол Улсад 19 дэх, Улаанбаатар хотноо 13 дахь удаагаа зохиогдож байгаа билээ. Эл баярын хүрээнд казах түмний уламжлалт соёл, зан заншилтай холбоотой олон төрлийн арга хэмжээ зохиогдсон юм. Түүний нэг нь ’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордонд боллоо.

“Бүргэдийн баяр”-ын хүрээнд Монгол Улсад  гурав дахь удаагаа зохиогдож байгаа эрдэм шинжилгээний бага хуралд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан болон доктор Б.Нямбаяр, К.Едилхан мөн доктор, профессор У.Эрдэнэбат, А.Жамбал нар оролцож, илтгэл тавьсан юм.

Тус бага хурлаар шувуулах соёл тэр дундаа бүргэдийн талаар эрдэмтэн судлаачдын сонирхолтой илтгэлүүд тавигдсан. Тэдгээр эрдэмтэд болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга нарын сэтгэгдлийг хүргэе...

“Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв”-ийн захирал, Биологийн ухааны доктор:Б.Нямбаяр:

Царам бүргэдтэй холбоотой судалгаа, эрдэм шинжилгээний хурал гурав дахь удаагаа болж байна. Энэ удаагийн хурлын ач холбогдол нь Улаанбаатар хотод байгаа Казах түмнийг өргөнөөр оролцуулж, энэ амьтныг хамгаалах, хөгжүүлэх боломж, шийдлийг хайх, олон нийтэд мэдээллийг түгээх байлаа. Энэ үр дүндээ хүрсэн гэж бодож байна. Энэ нь цаашид царам бүргэдийг хамгаалах,өв соёлыг авч үлдэх, энэ чиглэлээр төрийн бодлого оновчтой зөв гарахад нөлөөлөх юм.Бүргэдээр ан хийх соёл нь хүнээс хүнд уламжлагдан дамждаг амьд соёлын өв юм. Одоо бүргэдээр ан хийж, сургаж, тэжээж буй хүмүүс бараг бүгд настай хүмүүс болсон. Тиймээс залуучуудаа энэ соёл, чадварт зайлшгүй сургах, залуу үеийг бэлдэх зайлшгүй шаардлага байна. Эрдэм шинжилгээний хурлаар энэ асуудлыг хөндөж тавьж байгаа нь нэн сайн юм. Цаашид царам бүргэдийн соёл уламжлалыг хөгжүүлэхэд аймгийн удирдлагууд болон энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, Баян-Өлгий аймгаас сонгогдсон төрийн түшээд, бүргэдчидийн өөрсдийнх нь оролцоо маш чухал байна.

ШУА-ын Философийн хүрээлэнгийн судлаач, профессор А.Жамбал:

“Бүргэдийн баяр”-ын хүрээнд олон арга хэмжээ зохиогдож байгаагийн нэг нь энэ эрдэм шинжилгээн хурал юм. Бүргэдийн баяр бол зөвхөн ан хийх, гарт хэр зэрэг дассан үзүүлбэр төдий зүйл биш. Харин бүргэдийн соёлыг шинжлэх ухааны үүднээс судалж, ном бүтээл туурвих шаардлагатай томоохон үндэсний өв соёл юм. Тиймээс бид эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, шувуу судлаач, бүргэд судлаач эрдэмтдийг нэг дор цуглуулж хэлэлцэж байна. Бүргэдээр зөвхөн ан хийж, аялал жуулчлалын шугамаар үзүүлж харуулахаас гадна, хайрлаж хамгаалах, судлах шаардлага байгааг олон эрдэмтэд санал нэгдлээ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Засаг дарга А.Гылымхан:

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл санаачлан “Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв”-тэй хамтран зохион байгуулж буй энэ эрдэм шинжилгээний бага хурал маш үр дүнтэй болоо. Учир нь бүргэд, шувуу судалдаг нэртэй бүх эрдэмтэн докторууд ирж сонирхолтой илтгэл тавьж, олон оюутан залуус тус эрдэмтэдээс сонирхсон асуултаа асууж байна. Цаашид жил бүр эрдэм шинжилгээний хурлыг кохион байгуулж байхаар тогтлоо. Манай Баян-Өлгий аймгийн зүгээс бүргэдийн баярыг жилээс жилд өргөжүүлэн, бүргэдийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх, залуу үедээ уламжлан өвлүүлэх ажлыг аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байгаа.

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан:

“Бүргэдээр ан хийх соёл” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал маш амжилттай болж өндөрлөлөө. Шувуу судалдаг нэртэй эрдэмтэн судлаачид, оюутнууд, удирдах албан тушаалтнууд нийлсэн маш өргөн хүрээний хурал, хэлэлцүүлэг боллоо. Хурлаар цаашид анхаарах асуудлуудыг гаргалаа. Тухайлбал өндөр хүчдэлийн тогонд цохиулж, хордож, бусад байдлаар хорогдож байгаад анхаарч, хамгаалах ажлыг хууль дүрэмд нь өөрчлөлт оруулж, хамгаалалтад авах хэрэгтэй гэж миний хувьд бодож байна. Манай нутгийн зөвлөлөөс эрдэм шинжилгээний ажлыг жил бүр тогтмол зохион байгуулах, мөн 2020 оноос аймгийн Засаг даргатай хамтарч Баян-Өлгий аймгаас төрөн гарсан хүүхэд, залуучуудыг бүргэд судлалын чиглэлээр сургаж, ирээдүйд судлаач эрдэмтэн болгож бэлтгэхээр тогтлоо.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.