Архангай аймагт 300 тонн өвс, 120 тонн тэжээл хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор боллоо


Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, гамшгийн үеийн бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа. 

Аймгийн 19 сумын 50 орчим хувь нь цастай байна. Цэнхэр, Хотонт, Төвшрүүлэх сумын нутгаар цасны зузаан 5-7 см, Тариат, Өндөр-Улаан, Хашаат, Чулуут, Цэцэрлэг сумын нутгаар цасны зузаан 0-3 см, бусад сумын нутгаар цасгүй өвөлжжээ. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 14.3 мянган малчин өрхийн 5.5 сая орчим толгой мал хаваржиж байна. Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 61 өрхийн 12.7 мянга, өөр аймгийн бусад суманд 834 өрхийн 296.2 мянган мал отроор хаваржиж байгаа юм.

Өнгөрсөн онд малчдын түвшинд 75.3 мянган тонн өвс, 1057 тонн гар тэжээл, 173 тонн сүрэл, 1584 тонн ногоон тэжээл, 429 тонн үйлдвэрийн тэжээл, 5 тонн дарш, 1886 тонн давс хужир шүү бэлтгэснээс одоогоор 90 орчим хувийг нь ашиглажээ. Сумдаас авсан судалгаагаар Ихтамир, Цэцэрлэг, Батцэнгэл зэрэг сумдад 27.5 тонн өвс, 31 тонн тэжээл шаардлагатай байгаа юм.

Аймгийн саналыг сонссон Шуурхай бүлэг Засгийн газрын шийдвэрээр 300 тонн өвс, 120 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгох болсныг танилцуулаад, худаг завсарлах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад суулгах боломжийг судалж үзнэ гэдгийг мэдэгдэв. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.