Гэхдээ энэ инээмсэглэл маань жинхэнэ байгаасай...


Түвдийн бурхан шашны тэргүүн XIV Далай лам 2011 онд хэвлүүлсэн “Миний сүнсний аялал” номондоо инээмсэглэлийн гайхамшигт ид шид нь эргэн тойрны чинь хүмүүсийг төдийгүй дайсны чинь сэтгэлийг хүртэл хөдөлгөж чадна хэмээн бичсэн байна. Энэ номын хэсгээс хамтдаа сонирхоё.

Би мэргэжлийн инээгч  

Би амьдралынхаа туршид маш олон бэрхшээлтэй тулгарсан. Өнөөдөр ч миний эх орон маш хүнд үеийг туулж байна. Гэсэн ч би тэр тусам нь инээж, миний инээд “халдварт өвчин” шиг тархаж байгаасай гэж хүсдэг юм. Намайг ийм хүнд үед хэрхэн инээх эрч хүчтэй байдаг юм бэ хэмээн хүмүүс гайхан асуухад нь “ Би чинь мэргэжлийн инээгч шүү дээ” хэмээн хариулдаг. Инээд гэдэг нь түвд хүнд байдаг маш сайхан шинж чанар юм шүү. Үүгээрээ л бид япончуудаас, индианчуудаас ялгардаг. Түвдүүд маань яг л италичууд шиг хөгжилтэй байдлаараа англичууд, германчуудаас ялгардаг. Миний амьдралын баяр баясгалан түвд эцэг эхээс минь, хүмүүжлээс минь улбаатай. Би том хотод биш жижигхэн тосгонд төрсөн. Бидний амьдралын хэв маяг илүү хөгжилтэй байсан юм. Бид үргэлж тоглож, бие биенээ явуулж, баяр баясгалантай байж чаддаг. Энэ бол бидний зуршил.

Би байнга энэ тухай ярьж, үүрэг хариуцлага гэдэг бодитой байх ёстой хэмээн онцолдог.  Мэдээж асуудлууд бий. Хэрвээ асуудлыг зөвхөн сөрөг талаас нь хараад байвал энэ нь шийдлийг олоход тус болохоос илүүтэйгээр сэтгэлийн амар амгаланг үгүй хийдэг юм. Бүх юм харьцангуй байдаг. Хэрэв та нөхцөл байдлыг сайн тунгаах харах юм бол эерэг зүйлээс ч эмгэнэлт байдлыг олж болно. Хэрэв та үнэмлэхүй  эцсийн байдлаар сөрөг нөхцөл байдлыг хүлээн авч байгаа бол түгшүүр болон санаа зовнилоо нэмэгдүүлж, нөхцөл байдлыг илүү өргөн хүрээтэй болгон төсөөлж, үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хандлага нь миний туршлагаас болон миний амьдралд байнга тусладаг буддын гүн ухаанаас надад мэдрэгддэг. 

“Жинхэнэ хувиа хичээсэн хүн л хүмүүнлэг байдаг хэмээн би хошигнон хэлдэг юм”

Миний эх орны зарим асуудлыг жишээ болгоё.Бид харьяалалгүй хүмүүс. Тиймээс Түвдүүд бид өөрсдөө л сорилт бэрхшээл, хүнд хэцүү бүхий л асуудлыг хамтдаа туулах ёстой. Тэр тусмаа энэ нь туршлага болж, олон эерэг зүйлийн эхлэл болно. Миний хувьд би хагас зуун жил орон гэргүй амьдарч байна. Гэвч энэ асар уудам дэлхийнхээ өнцөг булан бүрт өөрийн гэр байгааг мэдэрдэг.  Хэрвээ би Поталдаа / төрсөн газар нь/ амьдарч л байсан бол надад хүн төрөлхтөний түүхийн нэг хэсэг болж, Ази, Европ, Америк тивийн тэргүүн нартай мөн олон алдартай эрдэмтэн, эдийн засагчтай уулзах боломж олдохгүй байсан биз. Дүрвэгсдийн амьдрал тийм ч жаргалтай биш. Гэвч би надад хүлээлгэх гэж оролдсон ямар ч дүрэм журмыг үл харгалзан өөрийнхөө чөлөөт амьдралын үнэ цэнийг мэдэрч, өөртөө аз жаргалтай байдлыг төлөвшүүлэх гэж оролдсон. Ингэж л сэтгэлийн амар амгалангаа хадгалж чадсан юм. 


Надад инээмсэглэл таалагддаг

Хүлцэл нь нинжин сэтгэлийн бодит байдал гэж бодож байгаа бол энэ нь сайн. Гэхдээ эдгээр зан чанарыг л өөртөө суулгах нь хангалттай биш юм. Бэрхшээл нь бодит байдал дээр эдгээр зан чанарыг шалгах  боломж олгодог. 

Тэгвэл бидэнд өөрийгөө шалгах боломж хэн олгох вэ? Мэдээж бидний найз нөхөд биш. Бидэнд олон асуудал үүсгэж байдаг дайснууд маань.Тэгэхээр үнэхээр хөгжихийг хүсч байгаа бол дайснуудаа хамгийн сайн багш мэт угтан авах ёстой. Хайр энэрлийг үнэлж чаддаг хүмүүст хүлээцтэй байдал маш чухал. Үүнийг л бидний дайсан хүсч байдаг. Биднийг оюун ухааны цаглашгүйд хүрэхэд тусалж байгаад нь дайсандаа талархах хэрэгтэй.Бидний даван туулж, ялан дийлэх ёстой жинхэнэ дайсан бол уур хилэн үзэн ядалт. Харин цаг хугацааны явцад бидний зам дээр гарч ирэх дайснууд бол ялан дийлэх ёстой тэр зүйл минь биш. Мэдээж байгалиас бид бүхэн үргэлж л найз нөхөд хүсч байдаг.  Би үргэлж тоглоом шоглоомоор хэлдэг юм. Жинхэнэ хувиа хичээсэн хүн л хүмүүнлэг байдаг гэж. Та бусдад сайн сайхныг бэлэглэж, олон найз нөхөдтэй байхын тулд эргэн тойрондоо инээмсэглэл бэлэглэ. Үр дүн нь танд тусламж хэрэгтэй болсон тэр л үед хүссэнээ авч чадна.  Нөгөө талаас хэрвээ та бусдын аз жаргалыг үл тоомсорлодог бол урт хугацааны ялагдал амссан гэсэн үг. 

Нөхөрлөлөөс уур хилэн хэрүүл, атаархал, мөнхийн өрсөлдөөн төрөх үү? Би бол үгүй л гэж бодож байна. Зөвхөн хайр л жинхэнэ найзуудыг бий болгодог. Өнөөдрийн материаллаг ертөнцөд хэрвээ чамд мөнгө эрх мэдэл их байхын хэрээр олон нөхөд байдаг юм шиг санагддаг байх. Гэвч тэд таны найз биш. Таны мөнгө, эрх мэдлийн найзууд. Хэрвээ та хамаг баялгаа, эрх мэдлээ алдвал эргээд тэр хүмүүс таныг харах нь юу л бол. Харамсалтай нь, та бага багаар шат ахих тусам энэ бүхнийг би зөвхөн өөрийнхөө хүчээр л буй болгож байна гэж боддог. Харин асуудал дордож, эрүүл мэнд доройтох тусам бид ямар алдаа хийж байснаа ухаардаг. Тэр үед л надад хэн тусалж чадахыг ойлгодог.Бэрхшээл бэлэн байхад бидэнд жинхэнэ найз нөхөд хэрэгтэй. Жинхэнэ найз нөхдийг бий болгохын тул бид энэрэнгүй байж, бясалгаж чаддаг байх хэрэгтэй. 

Миний хувьд би үргэлж л маш олон найз нөхөдтэй байхыг хүсдэг байлаа. Би инээмсэглэх дуртай шигээ өөрийнхөө эргэн тойронд маш их инээмсэглэл цацарч байгаасай гэж хүсдэг. Гэхдээ энэ инээмсэглэл маань жинхэнэ байгаасай. Хиймэл, егөөдсөн, дипломат гээд олон төрлийн инээмсэглэл байдаг шүү дээ.Зарим инээмсэглэл ямар ч баяр баясгалан аз жаргал авчирдаггүй. Бүр айдас хүйдсийг ч бий болгодог. Чин сэтгэлийн инээмсэглэл гэрэл гэгээ, шинэхэн сэрэл мэдрэмж буй болгодог. Гэхдээ энэ инээмсэглэл жинхэнэ хүнд л байдаг гэж би боддог. Хэрвээ бид өөрийн эргэн тойронд ийм л инээмсэглэл харахыг хүсч байгаа бол үүнийг бий болгож чадах шалтгааныг нь үүсгэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.