Ардын уран зохиолч Тангадын Галсан номын өргөөтэй боллоо


Хорин тав дахь удаагийн "Улаанбаатар номын баяр-2019"-ыг өнөөдөр “Монголын ирээдүй хүүхэд” уриан дор Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр нээсэн юм.

Тэгвэл номын цагаан буян дэлгэрсэн эл өдөр Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан “Русская гимназия” орос хэлний сургуульд номын өргөөтэй боллоо. Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас номын санг нь тохижуулж хүлээлгэн өглөө.

Ардын уран зохиолчийн зохиол бүтээл, гар бичмэлээс авахуулаад Монголын нэрт найрагчид, дэлхийн сонгодог бүтээл зэрэг 110 орчим ном, 60 гаруй киног тавиуртай болгон номын өргөөг нь тохижуулж өгсөн байна.

Баярт мөчөө Тангадын Галсан найрагч ийнхүү хуваалцлаа

Тэрбээр хэлэхдээ "Дэлгүүрийн бараа лангуун дээр өрөөстэй байдаг атал ном шалан дээр байхыг харсан номыг дээдэлж хайрладаг хүүхдүүдийн сэтгэл шархалсан байх" гээд “Баянгол дүүргийн жирийн нэгэн өвгөнд номыг хайрлан дээдэлдэг хүүхдүүд ийнхүү тохижуулж, номын өргөөтэй болгож өгсөнд талархаж байна.

Монголчууд хүүхдээ өөдөс даавуу, нэхийд өлгийддөг байхад номыг торгоор баринтаглан бурхны зулайд дээдэлдэг ард түмэн. Миний бие хүүхэд ахуй цагаасаа зохиол бүтээлд шимтэн дурлаж, ном цуглуулж ирсэн. Эд баялгаар дүүрэн айлд ороход тансаг дэлгүүрт орж ирсэн мэт сэтгэгдэл төрдөг бол номын сантай айлаар зочлоход ариун дагшин газар ирсэн мэт бишрэн дээдлэх сэтгэл төрдөг. Дэлгүүр гэдэс цатгадаг байхад ном оюун тархийг тэжээдэг. Хорвоо хоёр нартай. Тэнгэрийн бүтээсэн хүмүүний орчлонг гэрэлтүүлдэг нар нэг байхад хавтгалжин хэлбэртэй хүмүүний бүтээсэн нар хүний тархи, зүрхийг гэрэлтүүлдэг юм. Энэ нарыг суу билэгт хүмүүс, Монголын ихэс дээдэс, сэхээтнүүд бүтээсэн юм” гэлээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.