Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг нээлээ


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд нээлтийн ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

2019 оны дөрвдүгээр сард баталсан Засгийн газрын 125-р тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар шийдвэрлэсэн.

Монгол Улс болон Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар тус төвийн барилгын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн билээ. Тус төв нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны томоохон бүтээн байгуулалт болоод байгаа юм.
21 аймаг 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй үйлчлэх энэхүү төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ор, амбултор үзлэгт 250 хүүхдийг нийт 500 хүүхдийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. ХБХСЗХТ-ийн нээлтийн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Ундраа тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцсон байна.

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан тус арга хэмжээг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, үг хэлсэн байна. Тэрээр хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүдүүдийн сурч, боловсрох, нийгэмд ижил тэгш оролцоотой байх, ирээдүйд хөдөлмөр эрхэлж бие даан амьдрах чадвартай иргэн болоход анхаарч ажиллана гэж онцолсон. Түүнчлэн олдмол хөгжлийн бэрхшээлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлийн шалтгааныг арилгахад анхаарах нь эрүүл мэндийн салбарын нэн чухал асуудал гэдгийг тэмдэглэн хэлсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нээлтийн үеэр тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэргээн засах эмчийн зөвлөгөө, мэдээлэл, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, сэтгэлзүйн зөвлөгөө, хууль эрхзүй, нийгмийн халамжийн бодлого, дэд бүтцийн хүртээмжийн талаарх нэгдсэн мэдээллийн цэг ажилласан байна.
Мөн оюуны бэрхшээлтэй хүүхэд багачуудын гар зургийн үзэсгэлэн, “Түгээмэл хөгжил” ТББ -ын “Бид нэг тэнгэртэй” гэрэл зургийн үзэсгэлэн, Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн авьяаслаг сурагчдын гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, хүүхэд багачуудын нүүрэн дээр зураг зурах үйлчилгээ, хүүхдийн жүжиг, уран нугаралтын үзүүлбэр, морин хуурын аялгуу зэрэг нүд, сэтгэл, оюуныг баясгасан үзүүлбэрүүдийг толилуулжээ.

Нийслэлийн тусгай сургуулиудын багш нар тус арга хэмжээнд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нас, сэтгэхүй, ур чадварын онцлогт тохирсон бүлгээр зураг зурах, мэдрэмж хөгжүүлэх хөгжөөнт тоглоом, авхаалж самбаа сорьсон уралдаант тэмцээнүүдийг зохион явуулсан байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.