Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ


Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор урианхай сурын харваагаар эхэллээ. Өвөг харваа буюу урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд эртний монгол гүрний үеэс улбаатай. Цэрэг дайны үед хэрэглэж байгаад Алтайн урианхайчууд тэмцээн наадмын хэлбэрт оруулан, өнөөдрийг хүртэл уламжлалаа хадгалан харваж иржээ. Урианхай харвааг хүчтэй нум, хүнд сураар харвадаг ба бай нь 40 метр зайд байрлана. Булцуут сумаар 350-400 гр суран бөмбөгийг онож, гурван метр өнхрүүлээд, 20 см өндөрлөж овоолсон өтвөг дээгүүр давуулж байж оноо авдаг. Суран бөмбөгийг харваад оносон ч өтвөг дээгүүр давуулж чадахгүй бол оноо өгдөггүй онцлогтой. Урианхай харвааны сум нь 120 граммаас дээш жинтэй, булцуутай. Тэгвэл халх харвааны сум 50, буриадынх 80 грамм жинтэй байдаг. Зөвхөн эрчүүд оролцдогоороо бусад сураас өөр юм.

Энэ сарын 6-нд болсон урианхай сурын харваанд  улсын мэргэн 16, спортын мастер 66, спортын дэд мастер 24, нийт 178 харваач цэцэн мэргээ сорилоо. Харваач бүр тус бүр 10 удаа босож, гурван сум тавих буюу нийт 30 сум тавьж өрсөлдлөө. Наадамд Ц.Батзориг мэргэн хоёр дахь удаагаа түрүүлж Урианхай сурын хошой мэргэн цол хүртлээ. Дашрамд дурьдахад Ц.Батзориг нь 30 сумнаас 30 оносон Монголын рекорд амжилтыг эзэмшдэг юм.


УРИАНХАЙ СУРЫН АВАРГУУД
 

I байр: Ховд аймаг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн ЗДТГ, “Гигант” хүнсний сүлжээ дэлгүүр, “Гүрт богд” ХХК-ийн харваач Улсын мэргэн, спортын мастер Ц.БАТЗОРИГ

II байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат, спортын мастер, аймгийн мэргэн Т.ОДГЭРЭЛ

III байр: Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат, шинээр спортын мастер цолны болзол хангасан З.АРИУНБАТ

IV байр: Завхан аймгийн Тэс сумын харъяат, улсын мэргэн Б.ХАТАНСАЙХАН

V байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат, спортын мастер Б.БАТБААТАР

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.