МОНГОЛ ТҮМНИЙ ДЭЛХИЙД ЦУУРАЙТАХ БОЛОМЖ БҮРГЭДИЙН СОЁЛ...


Төв Азийн цээжинд орших говь, хангай, тал хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, эргэх дөрвөн улиралтай Монгол улс үндэсний өв соёл, нүүдэлчин ахуй, зан заншил, онгон дагшин байгаль, ан амьтдаараа дэлхийд алдартай. Түүнийг нэг бол яалтгүй алдарт Алтай таван богд, казах түмэн, бүргэдийн соёл билээ.

Монголчууд бид 2010 онд бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Бүргэдийн баярыг 1999 оноос эхлэн Баян-Өлгий аймагт зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин сүүлийн жилүүдэд цар хүрээг нь тэлж гадна, дотны жуулчдыг татах зорилгоор нийслэл Улаанбаатар хотын ойролцоох жуулчны баазад зохион байгуулж буй. Үүний үр дүн ч биеллээ олж, өдгөө бүргэдийн баяр гадаад дотоодын жуулчид, үзэгч сонирхогчдод хэдийнээ танил болж тэдний хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадсан. Өнгөрсөн жил ”Бүргэдийн баяр”-ыг Монгол Улсад 19 дэх, Улаанбаатар хотноо 13 дахь удаагаа зохиогдож байгуулсан бөгөөд уг баярын хүрээнд казах түмний уламжлалт соёл, зан заншилтай холбоотой олон төрлийн арга хэмжээ зохиогдсон. Тухайлбал ’’БҮРГЭДЭЭР АН ХИЙХ СОЁЛ’’ сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Хангарьд ордонд хийсэн юм.

Дээрх Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон эрдэмтдийн ярьж, хүсэж буйгаас үзвэл цаашид царам бүргэдийг хамгаалах, өв соёлыг авч үлдэх, энэ чиглэлээр төрийн бодлого оновчтой зөв гарахад нөлөөлөх зайлшгүй цаг үе иржээ. Бүргэдээр ан хийх соёл бол хүнээс хүнд уламжлагдан дамждаг амьд соёлын өв юм. Гэтэл одоо бүргэдээр ан хийж, сургаж, тэжээж буй хүмүүс бараг бүгд настай хүмүүс болсон. Тиймээс залуучуудаа энэ соёл, чадварт зайлшгүй сургах, залуу үеийг бэлдэх зайлшгүй шаардлага байна. Иймээс царам бүргэдийн соёл уламжлалыг хөгжүүлэхэд аймгийн удирдлагууд болон энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, Баян-Өлгий аймгаас сонгогдсон төрийн түшээд, бүргэдчидийн өөрсдийнх нь оролцоо маш чухал байна.

Бас нэг чухал зүйл нь бүргэдийн баяр бол зөвхөн ан хийх, гарт хэр зэрэг дассан үзүүлбэр төдий зүйл биш. Харин бүргэдийн соёлыг шинжлэх ухааны үүднээс судалж, ном бүтээл туурвих шаардлагатай томоохон үндэсний өв соёл. Тиймээс Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан Эрдэм шинжилгээний бага хурлыг гурван удаа зохион байгуулж, шувуу судлаач, бүргэд судлаач эрдэмтдийг нэг дор цуглуулж хэлэлцсэн юм. Бүргэдээр зөвхөн ан хийж, аялал жуулчлалын шугамаар үзүүлж харуулахаас гадна, хайрлаж хамгаалах, судлах шаардлага байгааг олон эрдэмтэд санал нэгддэг. Тиймээс цаашид жил бүр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байхаар тогтсон жишгээрээ өнөө жил ч Нутгийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулахаас гадна аймгийн Засаг даргатай хамтарч Баян-Өлгий аймгаас төрөн гарсан хүүхэд, залуучуудыг бүргэд судлалын чиглэлээр сургаж, ирээдүйд судлаач эрдэмтэн болгож бэлтгэхээр ажиллаж байна. Мөн 2020 оны 03 сарын 4-7-ны өдрүүдэд хооронд "НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ-БҮРГЭДИЙН БАЯР 2020" арга хэмжээг зохион байгуулах юм. Өнгөрсөн жилийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Мурат, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, УБ хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан болон “Бүргэдчидийн холбоо”-ны тэргүүн К.Едилхан нар оролцож, баярыг нийт 20 гаруй мянган хүн үзэж сонирхсон билээ.

Бүргэдийн баярын арга хэмжээг зохион байгуулснаар гадны жуулчдыг Монгол руу татаж, мөнгөн урсгалыг эх орондоо оруулах бөгөөд Монгол түмний дэлхийд цуурайтах боломж бол бүргэдийн соёл гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Ийн бардам хэлэхийн учир нь "The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Н.Айшолпан "Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хүртсэн түүхтэй.

Түүнчлэн анх ОХУ-д хүзүүндээ чип зүүлгэсэн Монголын бүргэд 20 жилийн турш нэгэн маршрутаар нисэж Саудын арабт үхсэн олдсоныг юм. Түүний нислэгийн замуудыг ажиглахад хэзээ ч далай тэнгис дээгүүр нисдэггүй, асар хол зам туулан өргөн нутгаар аялдаг шувуу гэдгээрээ дэлхий даяар алдаршиж, сая, сая хүмүүсийн хайр, бахдалыг төрүүлсэн билээ.

БҮРГЭДИЙН ХҮН МЭТ ГАЙХАМШИГТ АМЬДРАЛ...

Казахуудын хамгийн дотно шувуу нь бүргэд байдаг. Бүргэдийг казахууд шиг ойлгож, хайрлаж, үнэлж, хүндэтгэж, шүтэн биширч, ахуй амьдрал, оюун санаанд гүнзгий тусгасан өөр ард түмэн ховор билээ. Учир нь бүргэд тэдний хувьд эр зориг, тэсвэр хатуужил, гярхай ухаан, эв дүй, эрх чөлөөт амьдралын билэгдэл болдог юм. Бүргэдийн хүн мэт гайхамшигт амьдралаас товчхон дурдвал, эмэгчин бүргэд нь өөрийнхөө хошуугаар модны мөчрүүдээс нэгийг нь таслан авч тэнгэрт дүүлэн ниснэ. Эх бүргэдийг харсан олон эрэгчин бүргэд түүнийг тойрон эргэлдэнэ. Энэ үед эм бүргэд амандаа зуусан мөчрийг доош хаядаг. Олон эрэгчин  бүргэд дундаас мөчрийг газарт хүргэлгүй замын голд түрүүлэн барьсан бүргэд эргэн нисэж ирээд эм бүргэдийн аманд дахин зуулгана. Тэгээд эм бүргэд тэр мөчрийг дахин хаяна. Тэрхүү  мөчрийг  өмнө барьсан бүргэд дахин давтан  газарт хүргэлгүй  барьж авна. Энэхүү үйлдлээ эм бүргэд олон дахин давтаж, шалгалтыг удаан хугацаанд үргэлжлүүлнэ. Эцэст нь  шалгалтыг амжилттай даван гарч, мөчрийг  газарт хүргэлгүй барьсан эрэгчин бүргэдтэй хос болж амьдардаг. Бүргэд нь  хун шувуу  шиг  хосын амьдралд үнэнч, үргэлж хамт байдаг юм. Хамтран амьдарсны дараа тэд өндөр хадны оройд үүрээ засдаг. Харин үр төлөө гаргаж өсч, бойжиж томорсны дараа эцэг, эх нь түүнд бие даан амьдрах цаг нь ирсэн гэдгийг мэдрүүлж эхэлдэг. Эрэгчин бүргэд нь үүрний ирмэг дээр сууж, далавчаараа цохин балбана. Үүрэн дэх бүх зөөлөн өдийг авч хаяж, зөвхөн үүрний хатуу араг яс л үлдэнэ. Эрэгчин нь үүрээ цэвэрлэж байх хооронд эмэгчин бүргэд ан хийхээр явна. Эх бүргэд барьж ирсэн ангаа үүрнээсээ арай хол метр орчмын зайд тавина. Тэд өөрсдөө дэгдээхийнд харагдахуйц газар сууна. Дараа тэд дэгдээхийний нүдний өмнө тэр ангаа аажмаар идэж эхэлнэ. Дэгдээхий  нь суугаад  орилон хашхирч гарна. Ангийн махнаас  идэхийг хүссэн  дэгдээхээ нь үүрнээс гарахыг хичээдэг. Дэгдээхий бүргэд нь үүрнээсээ давж гараад, өндөр асга хаднаас доошоо хүчтэй бууна. Тэр үед  анх мөчрийг газар хүргэлгүй барьж авсан аав нь дэгдээхийг өргөн дахин үүрэнд авчирна. Эцэг бүргэд үргэлж дэгдээхийгээ нуруундаа тосон авдаг бөгөөд бүргэдийн нэг ч дэгдээхий хаднаас унаснаас болж үхдэггүй. Дэгдээхий тэр өндрөөс унах болгонд урьд өмнө хийж байгаагүй зүйлийг хийж сурдаг. Ийнхүү дэгдээхийнүүд нисэж сурсны дараа эцэг эх нь түүнийг ангуучлахаар авч явна. Өөрсдөө барьсан ангаа дэгдээхийндээ өгөхгүй. Ингээд дэгдээхий цаашид хоолоо өөрөө олж иддэг юм. Бүргэд бол ийм л агуу амьтан...

Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.



Дараагийн 5


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Гоё нийтлэл вэ 2020 02 сар 12

Үнэхээр гоё бичсэн нийтлэл байна