У.Хүрэлсүх: Жендерийн тэгш байдлыг хангахад эмэгтэй удирдагчдын түншлэл нэн чухал ач холбогдолтой.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтыг Герман, Франц Улс дэмжин, хамтран зохион байгуулж, тус хоёр улсын Гадаад хэргийн сайд нар биечлэн оролцож байна. Түүнчлэн дэлхийн бүс нутаг бүрийн төлөөлөл, тухайлбал Буркина Фасо, Индонез, Лихтенштайн, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд нар, Австрали, Мозамбикийн Жендэрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар болон НҮБ, олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид биечлэн, 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар цахимаар оролцож байгаа юм.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, 

Эрхэм хүндэт Гадаад хэргийн сайд нар аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ сайхан гэгээн өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ уулзалтыг хамтран зохион байгуулж буй манай гуравдагч хөрш ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд, эрхэмсэг хатагтай Анналена Бэрбок болон Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд, эрхэмсэг хатагтай Катрин Колонна нарт чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Найман зууны тэртээ Монголын эртний нийслэл Хархорум хотод өрнө, дорнын элч, төлөөлөгч чуулж, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэх, шашин хоорондын ойлголцлыг дэмжих, чөлөөт худалдаа, арилжааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 

Үүний нэгэн адил дэлхий нийтийн өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцэн ярилцахаар дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт гадаад хэргийн эмэгтэй сайд нар, эрхэм зочид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Их эзэн Чингис хаан тэртээх XIII зуунд өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн Их Монгол Улсыг байгуулж, Евразийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоож байсан түүхтэй. 

“Монголын их амар амгалан”-гийн үед хууль дээдлэх ёсыг нэн тэргүүнд тавьж, улс үндэстнүүд дайн дажингүй, энхтайвнаар зэрэгцэн оршиж, амар түвшин аж төрөх нөхцөлийг бүрдүүлж байсан билээ. 

Энэ түүхэн үйл хэрэгт монгол хатад, эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг өндөр байсан талаар Чингис хааны одонт Америкийн нэрт эрдэмтэн Жак Уэтерфорд тэргүүтэй олон улсын эрдэмтэн судлаачид өөрсдийн зохиол бүтээлдээ өгүүлсэн байдаг. 

Тэгвэл өнөөгийн дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байна.

Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад жендерийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. 

Жендерийн статистик тоо баримтаас харахад эмэгтэйчүүдэд тулгамдсан томоохон асуудал нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эдийн засгийн чадавхыг сайжруулах зэрэг асуудлууд байна. 

Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог.

Иймээс хүйсийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэг, хариуцлага юм. 

Жендерийн тэгш байдлыг хангахад эмэгтэй удирдагчдын түншлэл нэн чухал ач холбогдолтой юм.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын энэхүү уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, түүн дотроо жендерийн тэгш байдлыг хангах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн хүсэл зориг, манлайллаа бодит ажил хэрэг болгоход зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

Эмэгтэйчүүдийн улс төр болон удирдах түвшин дэх оролцоо нэмэгдсэнээр улс хоорондын үл ойлголцол, үл итгэлцэл, зөрчил мөргөлдөөнийг энх тайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломж илүү байдаг бөгөөд энхийн гэрээ, хэлэлцээр илүү урт настай, хэрэгжих магадлал өндөр байдгийг судлаачид тогтоосон байна. 

Монгол Улсын хувьд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, энхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. 

Эдүгээ Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаагийн хүчин хандивлагч дэлхийн 120 гаруй улсаас эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоор 17 дугаарт жагсаж, Зүүн хойд болон Төв Азийн бүс нутагтаа тэргүүлж байна.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурлыг санаачлан, 2022 онд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. 

Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улс цаашид 5 жил тутам зохион байгуулж байхаар шийдвэрлэснийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч танилцуулсан. 

Энэхүү шийдвэр нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, урагшлуулах, энх тайвны үйл явц дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг таниулахад хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байна. 

Иймд дэлхий дахинд тулгамдаад буй сорилтууд, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, хурцадмал байдлыг эв зүй, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх Та бүхний хамтын ажиллагаа, зоримог, тууштай байдал, хичээл зүтгэл нэн чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг зэрэг асуудал хүн төрөлхтний өмнө шийдлээ хүлээсэн хүнд сорилт хэвээр байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж байгаа улс орнуудын нэг юм. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас даруй 2 дахин их буюу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.2 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7 орчим хувиар буурсан байна. 

Тиймээс бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулан хамгаалах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо амжилттай өрнүүлж байна. 

Дэлхийн улс орнууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Түүнчлэн олон улс болон бүс нутгийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмэр оруулах зорилгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд эх орондоо хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Монголчууд бид бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг нүүдэлчин удамтай ард түмэн билээ. 

Гэвч манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд бaйна. 

Бидэн шиг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг дэлхийн улс орны 200 гаруй сая хүний аж амьдрал уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, ган зудаас шалтгаалан нүүдлийн мал аж ахуйн орон зай өдрөөс өдөрт хумигдаж, улмаар нүүдлийн соёл иргэншилд томоохон сорилт болон тулгараад байна.

Тэдний эрх ашгийг хамгаалах, бэлчээрийн менежмент, ашиглалтыг сайжруулах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үүднээс Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, 2022 онд батлуулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хүн бүрд нөлөөлж байгаа хэдий ч нөлөөлөл нь нас хүйс, үндэс угсаа, нийгэм, эдийн засгийн бусад хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй, тэгш бус байна.

НҮБ-ын Байгаль орчны судалгаагаар, уур амьсгалын өөрчлөлтөөс болж дүрвэсэн хүмүүсийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. 

Мөн “Карбон бриф” (Carbon Brief)-ийн дүн шинжилгээгээр, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн сэдвээр хийсэн судалгаануудын 70 орчим хувьд “цаг уурын өөрчлөлттэй холбоотой эрүүл мэндийн нөлөөлөлд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өртөмтгий” байдгийг нотолсон байна.

Иймд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, манлайллыг хөхиүлэн дэмжих, олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна. 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

НҮБ-ын судалгаагаар, 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын гуравны нэг орчим нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна. 

2030 он гэхэд дэлхийн нийт хүн амын 8 хувь буюу 670 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байх төлөвтэйг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, эрүүл орчинд эрүүл хүнс хэрэглэж, эрүүл амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зэрэгцээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. 

Тус хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагууд, улс орнуудад гүн талархал илэрхийлье.

Эмэгтэйчүүд дэлхийн нийт хүнсний бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг үйлдвэрлэхэд оролцдог. 

Иймээс хөдөө аж ахуй эрхэлж буй сая сая эмэгтэйчүүдийг бүхий л талаар дэмжиж, тэднийг чадавхжуулж, инновац, цахим технологийг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, өлсгөлөн, ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл юм.  

Эцэст нь хэлэхэд, жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нь хүний эрхийн салшгүй хэсэг, ардчиллын үндсэн шалгуур гэдгийг гүнээ ухамсарлаж, амар амгалан, эв нэгдэлтэй дэлхий ертөнцийг бүтээхийн төлөө хамтран ажиллацгаая. 

Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

Амьдралын эх, амжилтын үндэс болсон эрхэмсэг бүсгүйчүүд Та бүхэнд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Манай сайхан эх оронд тавтай морилж, тухлан саатаарай гэв.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

Source: Montsame

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *